Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр Монголын хөлбөмбөгийн холбоо, Боловсролын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж буй “Football for school” хөтөлбөрийн сургалт Завхан аймагт болж байна. Үүнд 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулиудаас багш нар хамрагдаж, “Football for school” аппликэйшнийг биеийн тамирын хичээлд ашиглахад суралцаж байна. Уг аппликэйшнийг ашигласнаар биеийн тамирын хичээл илүү сонирхолтой, үр дүнтэй байх гэнэ. Ташрамд дурдахад, Монголын 17 хүртэлх насныхны шигшээ баг бүрдүүлэхэд энэ удаа Дархан-Уул, Орхон аймгаас тус бүр хоёр, Увс болон Дорнодоос нэг, “Дэрэн”-гээс дөрөв, “Би эс Юү”, ДМЮ-гээс тус бүр гурван тоглогч дуудагдсан. Тэд Азийн хөлбөмбөгийн холбооны 17 хүртэлх насныхны цомын АШТ-ий урьдчилсан шатны H хэсэгт тоглохоор ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай, Ж.Баяртулга нарын удирдлагад Тажикистан улсыг зорьсон юм. Манай хөлбөмбөгчид тоглолтоо тус улсын багийнхантай өчигдөр эхлүүлсэн бол маргааш Афганистаны тамирчидтай тоглоно.