Булган аймгийн нутаг, Шивээт улааны цогцолборт газар
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудаа тоолж, баримтжуулах үйл ажиллагаа орон даяар үргэлжилж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрынхан уг ажлыг удирдан зохион байгуулж буй бөгөөд тооллогыг өнгөрсөн наймдугаар сараас эхлүүлжээ. Тухайлбал, Булган аймгийн Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого зохион байгуулах ажлын хэсэг 15 сумын нутагт орших, улс, аймгийн тусгай хамгаалалттай 53 дурсгалыг тоолж, бүртгэж дууссан байна. Харин орон нутгийн хамгаалалттай дурсгалуудын тооллого өдгөө үргэлжилж буй гэнэ. Дундговь аймгийн тухайд өнгөрсөн сарын 26-наас тооллогоо эхэлсэн бөгөөд одоогоор 15 сумын 407 газраас 1992 дурсгалыг бүртгэн, баримтжуулжээ. Төв аймгийн хувьд түүх, соёлын 5665 дурсгал бүртгэлтэй байдгаас одоогоор 186-г нь бүртгэсэн байна. Харьцангуй эрт буюу өнгөрсөн наймдугаар сарын 24-нөөс ажлаа эхлүүлсэн Ховд аймгийн тухайд тооллогын явц өдгөө 77 хувьтай аж. Харин Орхон аймагт өчигдөр тооллого найм дахь өдгөө үргэлжилж байв. Аймаг, сум бүрт тооллогын ажил ийнхүү үргэлжилж байгаа бөгөөд энэ онд багтаан нэгдсэн дүнгээ гаргах гэнэ.
Бэлтгэсэн М.Оч