Монголбанкнаас ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулснаа өчигдөр мэдээллээ. Тодруулбал, ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 60 хувийг Төвбанк, 40-ийг нь арилжааны банкуудын эх үүсвэрээс санхүүжүүлж байв. Тэгвэл Төвбанкнаас 80, бусдаас нь 20 хувийг нь олгохоор болжээ. Мөн Төвбанкны олгох зээлийн дээд хэмжээг өсгөсөн бөгөөд Улаанбаатарын иргэд 150, орон нутгийнхан 100 сая төгрөг авч болох нь. Үүнээс гадна орон нутагт шилжин суурьших өрхүүд зургаан хувийн хүүтэй зээл авбал урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хэсгийг Зээлийн батлан даалтын сангаас гаргаж болохоор шийдвэрлэв.
Олон улсын валютын сангийнхан манай улсад ажиллахдаа Төвбанкийг төсвийн шинжтэй санхүүжилт хийх, тухайлбал ипотекийн зээл олгохоо зогсоохыг зөвлөсөн. Учир нь ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбоотойгоор барилга барих нь нэмэгдсэн, улмаар бүх материалыг нь импортлон, валютын нөөцөө багасгаж буйд анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн юм. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад, “Төвбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг Засгийн газарт шилжүүлэх талаар яриа хэлэлцээ хийж буй бөгөөд эл асуудал ирэх жил шийдэгдэх болов уу. Бодлогын хүүг нэмсэн болон бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн худалдан авах чадварыг харгалзан Төвбанкны санхүүжилтийн дээд хязгаарыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн” гэв. Ташрамд дурдахад, ипотекийн зээлийн хүсэлтийг бүх банк хүлээн авч буй бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын байдлаар уг зээлийн өрийн үлдэгдэл зургаан их наяд төгрөгөөс давсан нь 2021 оны мөн үеийнхээс 15.1 хувиар өссөн дүн болжээ.