Нийслэлийн дийлэнх зах, худалдааны төвд өнгөрсөн долоо хоногийн байдлаар үхрийн цул мах кг нь ойролцоогоор 16 000, ястай нь 13 500 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь үхрийн махны үнэ долоо хоногт 100-300 төгрөгөөр хямдарсан дүн болсныг нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Харин хонины мах кг-ыг нь дунджаар 10 000 төгрөгөөр борлуулж байсан нь өмнөх долоо хоногийнхоосоо 0.5 хувиар өссөн дүн аж. Үхрийн ястай мах “Хархорин” захад 10 000, “Саруул” худалдааны төвд 17 500 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд ерөнхийдөө хаана борлуулснаас шалтгаалж кг тутамдаа 7000-8000 төгрөгийн зөрүүтэй байжээ. Түүнчлэн сүүлийн долоо хоногт бүх төрлийн хүнсний ногооны үнэ 7-12 хувиар хямдарч, төмс кг нь дунджаар 1200, лууван 2000, байцай 1800 төгрөг болсон аж.