Хорват улсын дугуйчид болох Марин Микич, Айвор Вобнер нар тун удахгүй очихоор төлөвлөж буй, нүүдэлчин цаа бугачдын урам зоригоор жигүүрлэн бүтсэн “Араатан” бүтээгдэхүүнээ “Dukha” нэрийн брэнд дор захиалгаар хийдэг. Тэд сурч, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллахын сацуу унадаг дугуй үйлдвэрлэдэг билээ. Тэр нь энгийн төрлийн дугуй биш юм. Тэд өдөр бүр хэдэн арван км замыг туулдаг, эсвэл уулын бартаат замын сорилтыг илүүд үздэг хоёр дугуйт унах сонирхолтой насанд хүрэгчдэд зориулсан, зөвхөн ган материалаар бүтээсэн дугуйг захиалгаар хийдэг аж. Тэд анх тус бүртээ нэг нэг дугуй хийсэн нь өөрсдийнхөө санааг практикт туршиж үзэх сайхан арга байсан тул өнөөг хүртэл найз нөхөд, танил хүмүүстээ зориулж 10 гаруй дугуй үйлдвэрлэжээ.
САЛБАРЫНХАА АНХДАГЧИД
Тэд бүтээгдэхүүнээ захиалгаар, зөвхөн ган материалаар хийдэг гэнэ. Учир нь унадаг дугуйг улирал, загвараас шалтгаалж өөрчлөх биш, харин зөвхөн хуучирсан эд хэсгүүдийг нь солиход л болж байх ёстой бөгөөд дугуй үргэлж нэг хэвээр байх ёстой хэмээн Марин Микич хэлэв. Яг түүний бизнес хамтрагчийн нэгэн адил унадаг дугуйг сонирхох хүслээс гадна энэ төрлийн тээврийн хэрэгслийн экологийн хүчин зүйл нь түүнээс дутахааргүй чухал. Байгаль хамгаалал, үйлдвэрлэлийн тогтвортой эдийн засгийн ач холбогдол ч чухал юм. Марин Микич “Захиалгат унадаг дугуй үйлдвэрлэх санаагаа би урт хугацаанд бодож боловсруулсны эцэст миний мэдэхээр манай улсад хэн ч үүнийг хийдэггүйг мэдсэний зэрэгцээ Айвор ч саналыг маань баяртайгаар хүлээж авсан. Бид бие биенээ маш сайн нөхдөг. Aйвор илүүтэй техникийн тал дээр, харин би маркетингаа хариуцдаг. Манай улсад унадаг дугуйн үйлчилгээ, үйлдвэрлэл аль аль нь бий бөгөөд нэг компани эд ангиудыг нь гагнаж, нөгөөх нь тэдгээрийг лакдаж, будаж өгнө, харин бид тэдгээр эд хэсгийг худалдан авч, захиалагчийн хүсэл, төсвийн дагуу эцсийн бүтээгдэхүүн болгон угсарч нийлүүлнэ. Дугуй унадаг хүн бүр үүнийг яг өөрт нь тааруулах нь хэчнээн чухал болохыг мэддэг. Унадаг дугуйн хувьд хамгийн тав тухтай байдал зөвхөн рам нь унаж буй хүний биеийн харьцаатай яг таарах үед хангагдах боломжтой. Энэ нь зөвхөн тухайн хүний өндрөөр бус, мөн гар, хөл гэх мэт бусад хүчин зүйлээр тодорхойлогддог. Унадаг дугуй нь хүний биеийн харьцаатай төгс тохироогүй тохиолдолд асуудал гардаг. Аливаа жижигхэн нуурыг унадаг дугуйгаар ганц тойроход мэдээжийн хэрэг бэрхшээлтэй санагдахгүй. Харин өдөрт хэдэн арав, цаашлаад зуу, хоёр зуу км давхидаг хүмүүсийн хувьд тохиромжгүй дугуй унах нь ямар их зовлонтой байдгийг сайн мэднэ. Дараа нь хүний бие шаардлагагүй ачаалалд орж, нурууны болон тохой, гар чимчигнэх өвдөлт мэдрэгдэх магадлалтай” гэв.
60 хоногт бэлэн болгож, гэрийн хаягаар хүргэх тэдний үйлдвэрлэсэн дугуйн үнэ 15 000-20 000 хорват кунагийн (нэг евро 7.5 кунатай тэнцэж буй) хооронд хэлбэлздэг бөгөөд насан туршдаа хэрэглэх, тусгай захиалгын дугуй гэхэд хэт өндөр үнэ биш гэхэд болно. Тэдэнд ашиг нэн тэргүүний асуудал биш аж. Бартаат зам, эсвэл уулын замд тохирсон дугуй байх зорилгоос гадна захиалагч дугуйны үйл ажиллагааны бүх эд ангийг сонгодог бөгөөд хэрэв хэрэглэгчид хуучин дугуй бий бол түүнийх нь зарим эд ангийг нь шинэд нь суулгаж болдог байна. Тэгэхээр зардлаа хэмнэх боломжийг давхар санал болгож буй хэрэг. Энэхүү дугуйн үйлдвэрлэлийн талаарх цуу яриа аль хэдийн гадуур тархаж, унадаг дугуй нь амьдралын хэв маяг болсон хүмүүсээс болон хамтран ажиллагсад, найз нөхдөөс нь захиалга байнга ирүүлж байгаа аж. Захиалгат ган дугуйн маркетингийн түүхийг бүтээхдээ тэд Монголын цаа бугачин овгоос урам зориг олж авсан тул бүтээгдэхүүнээ “Духа” (цаатан) гэж нэрлэжээ.
Унадаг дугуйн засварын мастер Айвор Вобнер “Духа овог болон дугуйчид бид хоорондоо нүүдэлчин аж ахуй, байгальд хандах хандлага, тэр байтугай нүүдэллэх арга хэрэгслээр холбогддог. Бид ган төмрийг сонгох болсон шалтгаан нь түүнийг жолоодоход бусад материалтай харьцуулахад илүү эвтэйхэн байдаг учраас тэр юм. Ган нь арай илүү хүнд боловч илүү уян хатан чанартай тул засварлахад амар байдаг. Жишээ нь, хагарал үүсэх үед гагнах боломжтой бөгөөд энэ материалыг холын аялалд унадаг дугуйнд хамгийн их ашигладаг. Ташрамд дурдахад, бид дэлхийд хамгийн нэр хүнд бүхий Италийн чанартай үйлдвэрлэгч болох “Columbus” брэндийн ганг л унадаг дугуйндаа ашигладаг” гэж ярилаа.
Дугуйн спортод дурлагч эдгээр залуус ямар нэг байдлаар энэ бүх зүйлд цаг зав гаргаж чаддаг тул дугуйн зугаалга, эсвэл дугуйн аялал зохиох зэрэг янз бүрийн арга хэмжээг зохион байгуулахад оролцдог. Тэд өөрсдийн гэр бүлийн хамгийн отгон гишүүддээ дугуйнд дурлах хүсэл, сэтгэлээ өвлүүлсэн бөгөөд тэдний хүсэл нь унадаг дугуйн бизнесээ өргөжүүлж, түүгээрээ амьдралаа залгуулах боломжтой болтол хөгжүүлэх явдал юм.
“Бид төлөвлөгөөндөө тодорхой хугацаа заагаагүй боловч захиалгат унадаг дугуй үйлдвэрлэх үйл ажиллагаа маань бидний үндсэн бизнес болоосой хэмээн хүсэж байна. Хэрэв ойрын таван жилд бидний цорын ганц бизнес болтол хөгжүүлж чадвал зорилго биелж, цаашид бусад оронд салбаруудаа нээх юм. Итали, Франц, АНУ зэрэг дугуйн спорт хөгжсөн орнуудад олон жижиг унадаг дугуй үйлдвэрлэгч байдаг бөгөөд бид нэг ёсондоо эдгээр чиглэлээр анхдагчид юм. Хэрвээ бид дугуйн соёл илүү хөгжсөн, мэдээж амьжиргааны түвшин өндөртэй оронд амьдардаг бол илүү хялбар байх байсан. Гэсэн ч нөхцөл байдал өөр буй нь биднийг мохоохгүй” хэмээн Марин Микич хэлэв.
ТАЛ НУТГИЙН АЯЛАЛ
Марин Микич, Айвор Вобнер нар Монголд аялах төлөвлөгөөтэй бөгөөд духа (цаатан) овгийн төлөөлөгчидтэй уулзах аж. Одоогоор энэхүү аяллаа цар тахлын улмаас түр хойшлуулаад байгаа гэнэ. Тэд “Бид дугуйгаа тэдний нэрээр нэрлэсэнд монголчууд бахархана гэдэгт итгэлтэй байна. Духа (цаатан) нар амьдардаг тал нутагт аялал хийхээр шаардлагатай бүх зүйлсээ аль хэдийн бэлдсэн. Монгол дахь Хорват улсын Өргөмжит консул П.Бат-Эрдэнэ бидний аяллыг дэмжиж, Хорватын бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд сурталчлан таниулахад дэмжиж ажиллахаа илэрхийлсэнд бид их баяртай байгаа. Цар тахлын нөхцөл байдал сайжирч Хорватын жуулчдын цуваа Төв Азийн зүрхэнд байрлах Монгол Улс руу цувна гэдэгт итгэж байна” хэмээн яриагаа өндөрлүүлэв.