Сүүлийн өдрүүдэд эрчимтэй өсөж буй ам.долларын ханш өчигдөр өглөө 3500 төгрөг давав. Үүгээр зогсохгүй 13.00 цаг гэхэд 3550 төгрөгт хүрлээ. Тодруулбал, валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд “ногоон”-ыг 3535-3540 төгрөгөөр худалдан авна гэсэн бол олонх нь зарах үнээ самбарт байршуулаагүй байв. Цөөн ченж ам.долларыг 3550 төгрөгөөр зарна гэсэн юм. Харин 18.00 цаг гэхэд дээрх дүн 3560 төгрөг болсон байв. Тус захын нэгэн ченж “Надад зарах ам.доллар алга. Ханш нь яагаад чангарч буй талаар сайн мэдэхгүй. Хүмүүс ханшийг нь өсгөхөөр дагаад нэмж байгаа” хэмээв.
Эргэн сануулахад, хагас жилийн өмнө дээрх захад ам.долларыг 2930 төгрөгөөр худалдан аваад, 2950-иар зарж байсан юм. Өөрөөр хэлбэл, “ногоон”-ыг худалдан авах ханш өдгөө даруй 20.8, борлуулах нь 20.6 хувиар өсөөд буй нь энэ. Тэгвэл гурван сарын өмнө америк мөнгөн тэмдэгтийг 3143 төгрөгөөр худалдан авч байсантай харьцуулахад 12.6 хувиар дээшилсэн үзүүлэлт юм. Мөн тухайн үед уг валютыг 3148 төгрөгөөр зарж байснаас 13.1 хувиар өссөн гэсэн үг. Монголбанкнаас зарласан албан ханшаар өчигдөр ам.доллар 3322.25 төгрөгтэй тэнцсэн нь 2022 оны эхнээс хойш 472.91 төгрөг буюу 16.6 хувиар дээшилсэн дүн болов.