Британийн хатан хаан II Элизабетын гаргасан шийдвэрийн дагуу түүний хүү, хунтайж Чарльзыг хаан болоход гэргий Камиллаг хатан хаан хэмээн албан ёсоор зарлав. Саяхныг хүртэл хунтайж Уильямын гэргий Кейтийг тийм хүндлэл хүлээнэ хэмээн олон хүн таамаглаж байлаа. Диана гүнжид тохиолдсон золгүй явдлуудын гол шалтгаан гэгдэж байсан тэр эмэгтэй яаж хааны гэр бүлийн хайр ивээлийг хүртэж, аз жаргалтай гэр бүлтэй болсон бэ?
Камилла Паркер-Боулз, Чарльз нарын хурим 2005 оны дөрөвдүгээр сарын 9-нд цомхон болж, II Элизабет зочдын жагсаалтад багтаагүй нь хосуудын хувьд жинхэнэ сорилт байсан юм. Үнэндээ 1990-ээд онд тэдний харилцаа олон нийтийн доог тохуу болж, Камилла Британид хамгийн их шүүмжлүүлдэг нэгэн байв. Гэтэл яагаад 15 жилийн дараа бүгд түүнийг уучилсан юм бол?
ИРЭЭДҮЙН ХААНЫГ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БОЛГОГЧ
Британи болон бусад оронд олон жилийн турш яригдсан түүх чөлөөнд гарсан Чилийн Элчин сайд Лючия Санта-Крусын охины ачаар эхэлжээ. Хэрэв түүнийг байгаагүй бол үнэнч бус сүйт залуугийн улмаас зовж шаналсан Камилла, Уэльсийн ичимхий, туранхай хунтайж нар нийлэхгүй байв. Хайр сэтгэлийн бага зэргийн сонирхол нь ирээдүйн хааныг өөртөө итгэлтэй болоход тус болно, харин Камиллаг хэтэрхий хөнгөмсөг Эндрю Паркер-Боулз хардахад хүргэнэ гэдэгт тэр хоёртой найз байсан Лючия итгэлтэй байв.
Камилла, Чарльз нарыг 1970 онд анхны харцаар дурласан гэж зарим намтар судлаач үздэг. Бас нэг хэсэг нь Чарльзыг л “толгойгоо алдсан”, харин Камилла эхэндээ зөвхөн Эндрюг хардуулахын тулд түүнийг ашигласан гэдэгт итгэлтэй байдаг аж. Ямар ч байсан ирээдүйн хаан, түүний шинэ найз бүсгүй хөнгөн сээтгэнэлээр харилцаагаа хязгаарласангүй. Чарльз шууд л Камиллаг шийдэмгий “бүслэлтэд” авч, өдөрт хэд хэдэн удаа дууддаг байж. Удалгүй олон цагийн яриа урт удаан алхалт болж, дараа нь Хампшир дахь Маунтбаттен эдлэн зэрэг газарт хамтдаа амралтаа өнгөрүүлсэн өдрүүд хөвөрчээ. Түүний өрсөлдөгч, офицерын туслах Паркер-Боулз өөрийн цэргийн хорооны хамт Умард Ирланд руу явж, Камилла ганцаараа үлдсэн нь ирээдүйн хаанд ашигтайгаар туссан аж.
ӨРСӨЛДӨӨН
Лондонд буцаж ирээд Эндрю Паркер-Боулз гэнэт Камиллад хатан хааны удмын хүнтэй зүрх сэтгэлийн холбоотой болсноо зарлав. Удалгүй Чарльзын дүү Анна гүнжтэй Эндрю дотно харилцаатай байсан нь тодорхой болжээ. Энэ нь Чарльз, Камилла нарын харилцааг цэглэж мэдэхээр байв. Ингээд зөвхөн Эндрюг бүр их шаналгах зорилготойгоор Камилла ханхүүтэй дотноссон байна.
Камилла, Эндрю нар нэг нийлж, дараа нь салж, амрагууд руугаа очиж, эргэн бие биедээ хайрын захидал бичсэн гэнэ. Энэ нь Анна хожим нь гэрлэсэн, морин спортын аварга Марк Филипсийн төлөө Эндрю Паркер-Боулзыг орхих хүртэл үргэлжилсэн. Гүнжийн араас Камиллаг алдахаас Эндрю айж, тэр даруй үнэт эдлэлийн дэлгүүрт орж, бөгж худалдан авч, татгалзаад удаагүй байсан найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Харин Камилла эргэлзэлгүй зөвшөөрөв.
Хунтайж үүнд маш их бухимджээ. Чарльзын зүрх шархалсныг намтар судлаачид дурсдаг. Тэрбээр хуучин амрагтаа хуримаа цуцлахыг гуйж хэд хэдэн захидал илгээсэн ч харамсалтай нь хариугүй аваагүй гэдэг. Хэсэг хугацааны дараа хунтайж урилга хүлээн авсан ч завгүй гэсэн шалтгаанаар татгалзсан байна. 1973 оны долдугаар сарын 4-нд Эндрю Паркер-Боулзтай Камилла гэрлэжээ.
Найзууд нь хунтайжийг тайвшруулахыг оролдож, хатан хаан Камиллаг ирээдүйн хааны сүйт бүсгүйд нэр дэвшүүлэхийг зөвшөөрөхгүй байв. 1971 онд сэтгүүлчид залуу хатагтайн эсрэг маш олон нотлох баримт цуглуулж, II Элизабет том хүүгээ тийм бүсгүйтэй холбогдохыг зөвшөөрөхгүйг баттай мэдэж байлаа. Хунтайж өөрийн зан чанар, төлөв байдалд тохирсон сүйт бүсгүй хайж, удалгүй олжээ.
ХАТАН ХААНЫ ШАХАЛТ
Чарльз, Камилла нарын хайр дурлал хунтайжийг Диана Спенсертэй гэрлэхээс өмнө эхэлсэн гэж зарим намтар судлаач үздэг. Азгүй хатагтай Паркер-Боулз 1978 онд хуучин амраг руугаа буцсан хэмээн шуугьж байв. Тэр үед тэрбээр хэдийн хоёр хүүхэдтэй болсон ч нөхрөө өөртөө татаж чадаагүй байна. Чарльз, Камилла нарын хайр дурлалын түүхийн хоёр дахь үе хатан хааныг хүүгээ яаралтай гэрлэхийг шаардахад хүргэсэн гэсэн таамаг бий. Тиймээс 1981 оны долдугаар сарын 29-нд Британийн хатан хааны гэр бүлд бас нэг чухал гишүүн буюу Уэльсийн гүнж Диана гарч иржээ.
Уэльсийн хунтайж хуучин амрагтайгаа хуримаасаа хойш таван жилийн дараа буюу 1986 онд эргэн нийлсэн гэдэгт судлаачдын олонх нь итгэдэг. Тэр үед Чарльз Дианагаас бараг салж, түүнийг Кенсингтоны ордонд хүүхдүүдтэй нь орхиж, ном уншиж, зураг зуран, цэцэрлэгээ арчлахаар Хайгроувын харш руу нүүжээ. Хатагтай Ди хөдөөгийн амьдралыг тэвчдэггүй бөгөөд Чарльз нууц амрагтайгаа уулзахаар аглаг буйд руу тусгайлан зорьсон гэж сэтгүүлчид бичдэг ч хунтайжийн найзууд үүнийг няцаадаг. Тэдний яриа, Чарльзын өдрийн тэмдэглэлийн хэвлэгдсэн хэсгүүдээс харахад тэрбээр гэрлэлтдээ сэтгэл дундуур, анхнаасаа Камиллагаас л дотно, найрсаг харилцааг хүсдэг байжээ.
Гэвч хуучин амрагууд харилцаагаа удаан хугацаагаар сэргээж чадаагүй юм. Тэдний харилцаа дахин сэргэхэд ордныхон ч удалгүй мэджээ. Цуу ярианаас үзвэл Диана гүнж доромжлогдсон мэт санагдсаны хариуд морины багштайгаа үерхэв. II Элизабет үүнд уурлаж, харин Эндрю Паркер-Боулз эхнэрийнхээ эл харилцааг үл хайхарч, ан хийх болон поло тэмцээний үеэр юу ч болоогүй юм шиг Чарльзтай уулздаг байж. Чарльз, Камилла нарын утсаар хийсэн ярианы бичлэгийг хэвлэлээр цацаагүй бол энэ асуудал нам дарагдаж, маш удаан хугацаанд шийдэгдэхгүй явах байв. Хунтайж дотно яриандаа хэлц үг, зүйрлэл их ашигласнаас “Ноён Тампон” гэх хочтой удаан явжээ. Энэ нийтлэлээс үүдэлтэй дуулиан “хааны хайрын гурвалжин”-ы түүхийн эргэлтийн цэг болж, гэр бүл салах гэж байгаа нь хэнд ч тодорхой болов.
“БОЛСОН ЯВДЛЫН БҮХ ХАРИУЦЛАГЫГ ОЛОН НИЙТ ХҮЛЭЭНЭ”
“Олны хайрыг татсан гүнж” таалал төгсөхөд Камиллаг бараг л автомашины осол гаргав хэмээн ярьцгаажээ. Үнэндээ хатагтай Дигийн үхэлтэй Камилла ямар ч холбоогүй аж. Тэрбээр хунтайж Чарльзаас эмгэнэлт явдлын талаар олж мэдсэн бөгөөд болсон явдлын бүх хариуцлагыг олон нийт хүлээнэ гэж тэр даруй мэдэгдсэн гэдэг. Түүний хэлснээр ч болсон. Автомашины ослын маргааш нь Кенсингтоны ордны гадаа Чарльзыг титмээсээ татгалз гэсэн зурагт хуудас гарчээ. Хатан хаан Уэльсийн хунтайжийг дуудаж, Камиллагаас харилцаагаа таслах, ядаж олон нийтэд ил болгохгүй байхыг шаардсан байна. Диана таалал төгссөнөөс хойш Чарльз, Камилла нар хамтдаа олны өмнө гарах хүртэл хэдэн жил өнгөрчээ.
“УИЛЬЯМ БИД ХОЁР ТҮҮНД МАШ ИХ ХАЙРТАЙ”
Дианаг нас барснаас хойш жил хагасын дараа хунтайж Уильям Итоноос амралтаараа аав руугаа гэнэт очиход хатагтай Паркер-Боулз гэрт нь зочилж байгааг мэдсэн аж. Тийнхүү залуу хунтайж Камиллатай танилцсан байна. Намтар судлаачдын ярьснаар Уильям, Камилла нар анхны уулзалтаасаа л бие биедээ аль болох эелдэг харилцахыг хичээсэн байна. Хэсэг хугацааны дараа Паркер-Боулз Харритай танилцаж, уулзсан даруйдаа сайн харилцаатай болжээ. Түүнээс хойш юу ч өөрчлөгдөөгүй. Хунтайж Харри 2018 онд, “Харри: Хунтайжтай хийсэн яриа” намтар номоо бичсэн сэтгүүлч Анжела Левинтэй ярилцахдаа ахыгаа Камиллад их сайн байдаг тухай хэлжээ. “Үнэнийг хэлэхэд Уильям бид хоёр Камиллатай үргэлж сайн харилцаатай байсан. Тэрбээр үлгэрт гардаг муу хойд эх шиг биш. Тиймээс намайг, эсвэл Уильямыг хөөрхийлөх хэрэггүй. Харин ч түүнийг хайрласан нь дээр. Тэр бол гайхалтай эмэгтэй бөгөөд аавыг минь маш аз жаргалтай болгосон нь бидний хувьд хамгийн чухал зүйл юм. Уильям бид хоёр түүнд маш их хайртай” гэсэн байна.
20 ГАРУЙХАН ЗОЧИНТОЙ ХУРИМ
Удаан хүлээсэн хурим 2005 оны дөрөвдүгээр сарын 9-нд Виндзор хотын захиргааны ордонд болсон. Хунтайж Уильям, Камиллагийн хүү Том Паркер-Боулз нар сүйт бүсгүй болон залуугийн гэрчээр оролцсон ёслолын ажиллагаа ердөө 15 минут үргэлжилжээ. Ташрамд дурдахад, 20 гаруйхан зочны дунд Анна гүнж, хунтайж Эдвард, Эндрю нар байв. Хатан хаан болон түүний нөхөр хуримд оролцоогүй ч 1978 онд II Элизабетад хаан ширээнд өргөмжлөгдсөний 25 жилийн ойгоор бэлэглэсэн, онцгой тохиолдлуудад ашигладаг “Rolls royce phantom-6” маркийн автомашинаар шинээр гэрлэгсдийг хотын захиргаанд хүргэн, дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хатан хаан Элизабет оролцсон гол ёслол Виндзорын шилтгээнд болжээ. Тэнд Кентерберийн хамба лам Роуэн Уильямс 800 зочны хамт Уэльсийн хунтайж Чарльз, Камилла Паркер-Боулз нарын гэрлэлтэд ерөөл өргөж, залбирал үйлдсэн байна.
Британи болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 улсын хаан Чарльзын хатан Камилла Паркер-Боулз 1947 оны долдугаар сарын 17-нд Лондон хотод мэндэлсэн. Түүний өвөг дээдсийн дунд жижиг эдлэнтэй болон жинхэнэ язгууртнууд (түүний эхийн талын өвөө, элэнц, хуланц өвөө нь барон цолтой) хоёулаа байв. Аав Брюс Шанд ахмад дайчин (Дэлхийн II дайнд оролцож, Германы талд олзлогдсон), бизнес эрхэлдэг байсан бол ээж Розалинда Шанд нь хүүхэд үрчлүүлэх агентлагт ажиллаж байгаад гэрийн эзэгтэй болсон. Гэрийн олон үйлчлэгчтэй байсны ачаар буяны ажилд чөлөөт цагаа зориулдаг байжээ. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах сангийн сайн дурын ажилтан олон жил байсан аж.
Камилла энэ айлын гурван хүүхдийн ууган нь. Тэд бага насаа Зүүн Сассексийн Плумптон тосгон болон Өмнөд Кенсингтонд өнгөрүүлсэн бөгөөд энэ хоёр газарт Шандынхны байшин бий гэнэ. Камилла ном унших дуртай, гимнастик хийж, амьтдыг, ялангуяа муур, нохой, одой морь тэжээх дуртай. Тэрбээр 16 настайдаа эцэг, эхийнхээ шийдвэрээр Швейцарт сурч, тэндээсээ Франц руу франц хэл, уран зохиолын чиглэлээр суралцахаар явсан аж. Эх орондоо буцаж ирээд тэрбээр мебелийн бүрээс, ханын цаасны дизайн, түгээлтийн “Sibyl Colefax & John Fowler” компанид нарийн бичгийн даргаар ажилласан байна. Тэрбээр мөн зураг зурах, морь унах, цэцэрлэгжүүлэлт сонирхон хийдэг байжээ.