Тажикистантай залгаа хилийн мөргөлдөөний үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн даваа гарагт Киргиз даяар гашуудав. Холбогдох зарлигт тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров гарын үсэг зурсан байна. Энэ өдөр Төрийн далбааг улс даяар, мөн гадаад дахь дипломат болон консулын байгууллагуудын барилгууд дээр хагас бөхийлгөв. Мөн соёл урлагийн байгууллагууд зугаа цэнгээний арга хэмжээ, нэвтрүүлгээ цуцалжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр Киргизийн талаас 59 хүн, тэдний дотор цэргийн алба хаагч, эмэгтэйчүүд, хүүхэд багтсан жирийн иргэн амиа алдаж, 140 гаруй оршин суугч шархадсан байна. Тус улсын эрх баригчид 140 мянга гаруй иргэнээ нүүлгэн шилжүүлж, Баткен мужид онц байдлын дэглэм тогтоожээ.
Киргиз, Тажикистаны хилийн байдал энэ сарын 14-нд хурцадсан. Киргизийн талын мэдээлснээр, Баткен мужийн Баткен дүүргийн хил рүү Тажикистаны хилчид нэвтэрсэн байна. Тус бүс нутгаас гарахыг шаардсаны хариуд Тажикистаны хилчид гал нээж, улмаар буудалцаан болжээ. Хэдэн цагийн дараа тус мужийн Как-Сай, Паски-Арык дүүрэгт зэвсэгт мөргөлдөөн болсон гэнэ. Киргизийн хилийн албанаас энэ сарын 17-нд мэдээлснээр Ош мужийн хилийн хэсэгт буун дуу гарсан байна.