Улсаас санхүүжилт авч буй АНУ-ын технологийн компаниудад ойрын 10 жилд Хятадад өндөр технологийн байгууламж барихыг хориглов. Тус улсын Ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаанаас мэдээлснээр энэ нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэл хөгжүүлэх 50 тэрбум долларын төлөвлөгөөний нэг хэсэг аж. Хятадын үйлдвэрлэгчдээс хараат байдлыг багасгахын тулд илүү их дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраасаа Америкийн корпорацууд шаардаж байна. Дэлхийн хэмжээнд бичил чипийн хомсдолд аль хэдийн өртөж, үйлдвэрлэл нь удааширчээ. АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо Бичил чип, шинжлэх ухааны тухай хуулийн талаар тайлбар хийхдээ “Чип үйлдвэрлэгчдийг дэмжих хөтөлбөрөөс санхүүжилт авагсдыг үндэсний аюулгүй байдалд саад тотгор учруулахгүйн тулд бид хязгаарлалт хийхээр төлөвлөсөн. Эл хөрөнгийг Хятадад зарцуулахыг үйлдвэрлэгчдэд зөвшөөрөхгүй бол тэд тус улсад арван жилийн хугацаанд дэвшилт технологи хөгжүүлж чадахгүй” гэв.
Дэмжлэг авсан компаниуд Хятадад байгаа эд ангиудын үйлдвэрүүдээ өргөжүүлж, тус улсын зах зээлд үйлчлэх боломжтой гэнэ. АНУ болон Хятад улс худалдаа, технологи, аж үйлдвэрийн тагнуулын асуудлаар удаан хугацааны турш маргаж байна. Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден өндөр технологийн үйлдвэрлэл, шинжлэх ухааны судалгаанд зориулсан 280 тэрбум долларын хуульд гарын үсэг зурсан юм. Хөрөнгө оруулалтын хүрээнд АНУ-д компьютерын чип үйлдвэрлэдэг компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж буй. Өдгөө АНУ дэлхийн хагас дамжуулагчийн 10 орчим хувийг үйлдвэрлэж байгаа бол 1990 онд уг үзүүлэлт 40 орчим хувьтай байжээ.
Харин Хятад улс 2020 онд Тайванийг гүйцэж, үйлдвэрлэлээрээ Япон, Европын Холбоотой ойртож, эзлэх хувиа бараг 10-т хүргэж нэмэгдүүлсэн аж. Чип өнөөдөр автомашинаас эхлээд гар утас хүртэл хаа сайгүй хэрэгтэй байна. Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яам хагас дамжуулагчийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж, Хүйтэн дайны үеийн сэтгэхүйг санагдуулам гэж үзжээ. АНУ-ын зарим чип үйлдвэрлэгч тус улсын технологийг Хятадад худалдахдаа Вашингтоны хориг арга хэмжээний нөлөөг хэдийн мэдэрсэн гэнэ. АНУ-ын эрх баригчид чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Nvidia” болон AMD компанийг хиймэл оюун ухаан бүтээхэд ашиглах бүтээгдэхүүнээ Хятадад худалдахыг энэ сарын эхээр хориглосон юм. Энэ хязгаарлалт Хятадад ч, “Nvidia”-д ч хүчтэй цохилт болохыг “Wedbush securities” судалгааны төв мэдэгджээ.