Хөгжлийн бэрхшээлтэй, тархины саажилттай хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд өнгөрсөн зургадугаар сард Төрийн ордны гадна жагсаал зохион байгуулсан. Цар тахлын үед тархины саажилттай хүүхдүүдийн уналт таталтын эсрэг эмийн нийлүүлэлт байн байн тасалдсаны зэрэгцээ үнэ нь тэнгэрт хадах болсныг тэд мэдээлж байв. Тэгвэл уналт таталтын эсрэг эмүүдийг энэ сараас эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн хөнгөлөлттэйгөөр олгож эхэлсэн гэнэ. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг батлах тухай Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолыг шинэчилснээр тархины саажилттай болон уналт таталттай хүүхдүүдийн эмийг үнэ төлбөргүй авах боломж бүрдэв. Манай улсад өдгөө уналт таталтын эсрэг 51 нэрийн эм бүртгэлтэй байна. Үүнээс гурван нэрийн эмийг нь дотооддоо үйлдвэрлэж, бусдыг нь импортолдог гэнэ. Тухайлбал, БНСУ, Энэтхэг, Индонез, Япон, Унгар, Польш зэрэг 14 улсын 24 үйлдвэрлэгчээс энэ төрлийн эмийг оруулж ирдэг аж.