Манай улсад өнгөрсөн сард гурван хүн ХДХВ/ДОХ-оор халдварласан нь батлагдсаныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээлэлд дурджээ. Эдгээр тохиолдол нь нийслэлд бүртгэгдсэн аж. Ингэснээр энэ он гарснаас хойш уг өвчнөөр оношлогдсон хүний тоо 11-т хүрээд байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс таван тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. 11 тохиолдлын хоёр нь Баян-Өлгий аймагт, бусад нь Улаанбаатарт бүртгэгджээ. 1992 онд манай улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдлыг илрүүлсэн. Түүнээс хойш өнгөрсөн сарын эцсийн байдлаар нийт 338 хүн уг өвчнөөр оношлогдсон байна. Өвчилсөн хүмүүсийн 50 нь нас барсан аж. Энэ оны тухайд уг өвчнөөс улбаалсан нас баралт бүртгэгдээгүй гэнэ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлснээр бол улсын хэмжээнд энэ оны эхний найман сард 28 төрлийн халдвараар 298 366 хүн өвчилжээ. Уг үзүүлэлт нь өмнөх жилийн мөн үеийнхээс 82 572 тохиолдлоор нэмэгдсэн тоо юм байна. “Ковид- 19”-ийн тархалт намжаагүй, мөн амьсгалын замын бусад халдвар болон бэлгийн замаар дамжих өвчний тохиолдол тодорхой хувиар нэмэгдсэн нь үүнд нөлөөлжээ. Тухайлбал, энэ онд цар тахлын нийт 284 735 тохиолдол бүртгэгдсэн аж. Түүнчлэн амьсгалын замын бусад өвчний тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 1323, бэлгийн замын халдвар авсан хүний тоо 934-өөр нэмэгдсэн байна. Мөн халдварт өвчний улмаас энэ онд 191 хүн эндсэн бөгөөд олонх буюу 139 нь коронавируст халдвар, 46 нь сүрьеэгийн улмаас нас баржээ.
Бэлтгэсэн М.Оч