Колумбийн нийслэл Богота хотод 16 000 хөгжимчин, дуучин цуглаж, дэлхийн хамгийн том хэмжээний концертын дээд амжилтыг эвдэв. Тус хотын “Саймон боливар метрополитан” цэцэрлэгтхүрээлэнд болсон уг концертод хүүхдийн найрал дуучид ч оролцжээ. Концертын хөтөлбөрт улс төр, нийгмийн асуудлыг шүүмжилсэн дуу ч багтсан байв. Тус улсад болсон зэвсэгт мөргөлдөөний талаарх үнэн мөнийг тогтоох комиссын тайлан гарсанд зориулан Боготагийн Филармонийн найрал хөгжмийн чуулга уг арга хэмжээг зохион байгуулсан аж. Эл комисс нь Колумбид 60 жил үргэлжилсэн мөргөлдөөний явцад хүний эрхийг зөрчсөн, эсэхийг тогтоох зорилготой, Колумбийн Засгийн газар болон босогчдын хооронд 2016 онд байгуулсан энхийн хэлэлцээрийн нэг хэсэг байсан юм.