Сансрын зурагт 2020, 2021 оны наймдугаар сар болон өнгөрсөн долоо хоногт Чунцин хотын ойролцоох Хөх болон Зялин мөрнийг харуулсан байна.
Уур амьсгалын хямралын улмаас дэлхий даяар хэт халуун, ган гачиг болсноор 2022 он түүхэнд тэмдэглэгдэж үлдэх нь. Энэтхэг, Пакистанаас эхлээд АНУ, Европ хүртэл бүх тив хэт хуурай цаг агаартай тэмцэж, хэдэн сар бороо оролгүй байсны дараа зарим бүс нутагт аюултай, хүчтэй үер бууж байна. Хятадад л гэхэд 60 жилийн түүхэнд тэмдэглэгдээгүй их халуун болж, Хөх мөрөн ширгэж байгаагийн улмаас тус улсын эрх баригчид эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Зарим мужид бороо оруулахын тулд үүл буудаж байна. Хөх мөрөн болон бусад олон голын тусны түвшин түүхэн доод хэмжээндээ хүрснийг хиймэл дагуулаас авсан зураг харуулж байна. Хятадад одоо тохиож буй халууны дээд үзүүлэлт ирэх сар хүртэл үргэлжлэх гэнэ. Усны түвшин бага байгаа нь Хятадаас эртний буддагийн хөшөөг олох боломжийг бүрдүүлжээ. Харин Европт ширгэж буй Элба мөрнөөс эртний “Өлсгөлөнгийн чулуу” ил гарсан байна. Ийм бичээстэй чулуунууд ил гарах нь хүмүүс “уйлж эхлэхийн” анхааруулга болдог гэнэ.
ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХАД ХҮРЭВ
Шанхай хотын шөнийн цагаар өдөр шиг гэрэлтдэг, түүхэн болон орчин үеийн барилгуудаараа жуулчдын дунд алдартай Вайтань эрэгт эрчим хүч хэмнэхээр даваа, мягмар гарагт цахилгаан унтраах арга хэмжээ авчээ. Сүүлийн хэдэн долоо хоног хэт халсан баруун өмнөд нутгийнх нь Сычуань муж, Хөх мөрний бэлчрийн бүс нутгуудад өнгөрсөн долоо хоногт энэ жил анх удаа гангийн сэрэмжлүүлэг зарласан байна. 40 градус давж халан, тунадас бага унаж, агааржуулагчийн эрэлт ихэссэний улмаас эрчим хүч хүрэлцэхгүй болсон Сычуаний томоохон үйлдвэрүүдэд цахилгаан хязгаарлах болсон тухай BBC мэдээлжээ. Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани Сычуань мужийн төв Чэнду хот дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг одоо болтол сэргээгээгүй, байдлыг ажиглаж байна. “Apple”-ийн эд анги нийлүүлэгч “Foxconn” компани мөн Сычуань дахь үйлдвэрээ хаасан ч нийт үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө одоогоор ажиглагдаагүй болохыг мэдэгдэв. Тэрчлэн Японы автомашины “Toyota” компани өөрийн эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан Сычуань муж дахь үйлдвэрлэлээ аажмаар сэргээж буй гэнэ. “Con¬trol risks” зөвлөх компанийн Хятад, Хойд Азийн шинжээч Ченю Вугийн хэлснээр бол цахилгаан хязгаарлалт богино хугацаанд үргэлжлэх бөгөөд үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөлөл нь бага байх аж.
ГОЛ, МӨРӨН ШИРГЭЖ БАЙНА
Хөх мөрний усны түвшин одоо хамгийн доод хэмжээндээ хүрчээ. Зарим нутгаар ердийнхөөс бага хур тунадас орж байна. Усан цахилгаан станцын нөөц нь бараг талдаа оржээ. Хөх мөрөн бол 400 сая гаруй хүнийг ундны усаар хангадаг, Хятадын эдийн засаг төдийгүй дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд хамгийн чухалд тооцогддог, хэмжээгээрээ дэлхийд гуравт ордог усан зам юм. Энэ зун бүх хэсэг, олон арван цутгал голууд нь ширгэж, усны түвшин доод цэгтээ хүрсэн байна. Гол голдрилынх нь усны түвшин сүүлийн таван жилийн дунджаас 50 гаруй хувиар доошилжээ. Дунд болон доод хэсгээрх хөлөг онгоцны хөдөлгөөнийг хаажээ.
Хятадын өргөн уудам усан цахилгаан станцын усны алдагдал нь эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг тийм станцаас авдаг Сычуань мужид онцгой хүнд тусаж байна. Түүгээр зогсохгүй энэ зун цахилгаан эрчим хүчний хэрэгцээ 25 хувь нь өссөн аж. Өнгөрсөн ням гарагт тус мужийн Засгийн газар Сычуаний нөхцөл байдлыг аюулын хамгийн өндөр түвшнээр тооцсон аж. Сычуаньд төдийгүй зэргэлдээх мужуудад 40 градус даван халсаар буй. “Сычуань өдрийн сонин”-ы мэдээлснээр, тус мужийн Засгийн газрын агентлагуудад агаарын температурыг 26 градусаас доош байлгахгүй байхыг шаардсан байна. Мөн ажилчдаас аль болох цахилгаан шатнаас татгалзахыг хүсжээ. Цахилгааны хязгаарлалт олон сая оршин суугчид нь ч нөлөөлж буй. 5.4 сая орчим хүн амьдардаг Дажоу хотод цахилгааныг гурван цаг тасалж байгаа гэнэ. Тус мужийн үйлдвэрүүд оршин суугчдыг цахилгаанаар хангах яаралтай арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэлээ багасгах, эсвэл үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Ган гачигт Сычуань, Хэбэй, Хунань, Зянши, Аньхой, Чунцин зэрэг мужийн хоёр сая 460 мянган хүн, 2.2 сая га газар тариалангийн талбай өртжээ.
Хятадын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр ган гачгийн улмаас 780 мянга гаруй иргэнд нь Засгийн газрын шууд дэмжлэг шаардлагатай болсон байна. Ялангуяа гамшигт өртсөн бүс нутгуудад ундны усыг автомашинаар түгээхэд хүрчээ. Зөвхөн долдугаар сард л гэхэд хэт халалтын улмаас эдийн засгийн хохирол 2.73 тэрбум юань буюу 400 сая ам.долларт хүрч, 5.5 сая хүн өртсөн байна. Сангийн яам нь гамшгийг арилгахад зориулж 300 сая юань буюу 44.3 сая ам.доллар хуваарилахаа мэдэгдэв. Усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд тус улсын хамгийн том усан цахилгаан станц болох “Гурван хавцал”-ын далангаас ирэх 10 хоногт ус зайлуулах хэмжээг 500 сая шоо метрээр нэмэгдүүлэхээ Усны нөөцийн яамнаас нь мэдэгджээ.
ХИЙМЛЭЭР БОРОО ОРУУЛАХ НЬ
Хятадын төв болон баруун өмнөд нутгийн зарим хэсэгт бороо оруулахын тулд зөвхөн пуужин харвахад 1.5 тэрбум ам.доллар заарцуулахаар эрх баригчид нь төлөвлөж байна. Төвийн Хубэй мужийн эрх баригчид үүл бууджээ. Ийм аргыг 1940-өөд оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дэлхийд хамгийн томд тооцогдох хөтөлбөр аж. 2008 оны Бээжингийн олимпын өмнө Хятадын эрх баригчид бороо оруулахгүйн тулд энэ аргаа ашиглаж байжээ. Мөн цас оруулах, эсвэл мөндрийг багасгахад дээрх аргыг хэрэглэдэг.
Хятадын өмнөд нутагт цагаан будаа хураах ид үе болж буйтай холбогдуулан Хөдөө аж ахуйн сайд Тан Жэньзяниас “Global times” сонинд ярилцлага авчээ. Жилийн ургацын 75 хувийг бүрдүүлдэг намрын хураалтыг алдагдалгүй авах яаралтай арга хэмжээг эрх баригчид нь авсныг тэрбээр тодруулсан байна.