Байгалийн баялаг арвин Африкийг хөгжүүлэх дэлхийн уралдаан эрчимжиж, Япон Улс Тунист болсон томоохон чуулганаар тус тив рүү хийх алхмаа урагшлуулах боломжийг эрэлхийллээ гэж NHK телевиз тэмдэглэв. Африкийн хөгжлийн асуудлаарх Токиогийн олон улсын бага хурлыг Японы Засгийн газар НҮБ, Дэлхийн банк, Африкийн холбооны комисстой хамтран зохион байгуулжээ. Найм дахь удаагийн чуулганаар Японы Ерөнхий сайд сэргээгдэх эрчим хүч ашиглахад хөрөнгө оруулах, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зэрэг олон санаачилга гаргасан байна. Тухайлбал, тус улс ирэх гурван жилийн хугацаанд Африкийн орнуудын хөгжилд 30 тэрбум ам.доллар хуваарилж, юуны түрүүнд хүний капиталын хөрөнгө оруулалтад анхаарах болов. Тэрчлэн мөн хугацаанд Япон Улс Африкийн орнуудад хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй зэрэг салбарт дор хаяж 300 000 мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулах гэнэ. Дэлхийн томоохон гүрнүүд Африкийг асар их нөөц боломжтойг хүлээн зөвшөөрдөг. Хятад улс “Бүс ба зам” санаачилгын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, томоохон хөрөнгө оруулалтаар дамжуулан тус тивийн улс орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлж байна. АНУ энэ сарын эхээр Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнуудыг чиглэсэн стратегиа танилцуулсан. Вашингтон харилцаагаа бэхжүүлэх ажлын хүрээнд ирэх арванхоёрдугаар сард тус тивийн удирдагчдыг хүлээн авна. ОХУ байгалийн баялгийг хөгжүүлэх төсөл, зэвсгийн экспортоор дамжуулан Африкт нөлөө үзүүлэхийг оролдож буй. НҮБ-ын тооцоолсноор 2050 он гэхэд Африк тивд дэлхийн хүн амын дөрөвний нэг нь оршин суудаг болно.