Манай улс, Европын Холбоо хооронд хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг”-ийг 2024 он хүртэл сунгах тухай санхүүгийн хэлэлцээр байгууллаа. Уг хэлэлцээрт Сангийн сайд Б.Жавхлан, тус холбооноос манай улсад суугаа Элчин сайд Аксель Никейз нар өчигдөр гарын үсэг зурсан юм. Европын Холбоо нь Монгол Улсын боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөдөө аж ахуйг дэмжих, иргэний нийгмийг хөгжүүлэх, төсөв санхүүгийн удирдлагыг сайжруулах чиглэлээр буцалтгүй тусламж олгож, нийгэм, эдийн засгийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж иржээ. Манай улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэгийн хугацааг ирэх он хүртэл сунгаснаар Засгийн газар Европын Холбоотой харилцан тохирсон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэх аж. Хөтөлбөрийн хүрээнд олгох 43 сая евротой тэнцэх шууд төсвийн дэмжлэгээс одоогоор эхний хоёр санхүүжилт болох 22.2 саяын дэмжлэгийг хүлээн авчээ. Дээрх холбооны зүгээс цар тахлаас шалтгаалж эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад Монгол Улсын Засгийн газарт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Бэлтгэсэн Б.Сонор