Шотланд нь охид, эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр тампон болон ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгохыг хуульчилсан анхны улс болов. Тус улсын парламент 2020 оны сүүлчээр баталсан хууль энэ даваа гаргаас хэрэгжиж эхэллээ. Уг хуулийн дагуу хотуудын захиргаа болон боловсролын байгууллагууд тусламж хэрэгтэй эмэгтэйчүүдэд ариун цэврийн хэрэглэл үнэ төлбөргүй өгөх ёстой. Эл бүтээгдэхүүн нь үнэ төлбөргүй байхын сацуу охидын тав тухыг алдагдуулахгүй байх ёстойг хуульд заасан байна. 2017 оноос охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангахын төлөө, худалдан авах боломжгүй хүмүүст уг бүтээгдэхүүнийг үнэгүй олгохыг уриалсан кампанит ажил явуулсан Лейборист намаас сонгогдсон парламентын гишүүн Моника Леннон эл хуулийн төслийг санаачилсан байна.
Судалгаанаас үзвэл 14-21 насны охид ариун цэврийн хэрэглэл худалдан авахдаа ичиж, сэтгэл зүйн таагүй байдалд ордог гэнэ. Цар тахлын өмнө залуучуудын буяны “Young scot” болон “Hey girls” байгууллагынхан судалгаа явуулж, Шотландын сурагч охид, оюутнуудын дөрөвний нэг орчим нь ариун цэврийн шаардлага хангасан бүтээгдэхүүн сар бүр авч чаддаггүйг тогтоожээ. Мөн Британи даяар тампон, ариун цэврийн хэрэглэл өндөр үнэтэй тул охидын 10 орчим хувь нь худалдан авах боломжгүй байсан бол 15 хувьд үүнтэй холбоотой ямар нэгэн бэрхшээл тулгардаг, 19 хувь нь өөр зүйлээр орлуулдаг гэсэн байна.