Харахгүй, сонсохгүй, ярихгүй, явахгүй байлаа гээд ажил хөдөлмөр гүйцэтгэх чадваргүй гэсэн үг биш. Манай улс хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн дүгнэлтэд үндэслэн тогтоодог. Зөвхөн өвчний оношоор тухайн хүний хөдөлмөрлөх чадварыг үнэлэх нь нэг талаар өрөөсгөл. Тухайлбал, хараагүй иргэнийг манайд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үздэг. Ийм хүнийг ажилд авах байгууллага хэд байгаа бол. Гэтэл хараагүй иргэд бусдын адил сурч, хөдөлмөрлөх эрхтэй. Тэдний нүд л хардаггүй болохоос биш, сонсох, үнэрлэх, явах, сэтгэн бодох чадвартай. Тиймээс өөрт тохирсон ажлаа хийж, бусдаас хамааралгүй амьдрах боломжтой юм. Эл боломжийг дэлхийн улс орнууд International Classification of Functioning, Disability and Health (ICF) буюу үйл хөдлөлийн олон улсын ангиллын тусламжтайгаар иргэддээ олгожээ. Манай улсын ХНХЯ ч мөн адил Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд үйл хөдлөлийн олон улсын ICF ангиллыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Энгийнээр хэлэхэд, өвчтөний үйл ажиллагааны алдагдлаар нь ангилахыг ICF хэмээн нэрлэж буй. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад хэдийн танил болсон энэ ангиллыг 2001 оны тавдугаар сард ДЭМБ-ын 54 дүгээр нэгдсэн хуралдаанаар баталжээ. Олон улсад эл ангиллыг амжилттай хэрэгжүүлж буй бөгөөд манай улс БНСУ-ын мэргэжилтнүүдээс арга зүйн зөвлөгөө, тусламж авч байна. Тус улс нь ICF ангиллыг хэрэгжүүлээд 20-иод жил болсон туршлагатай.
ҮЙЛ ХӨДЛӨЛИЙН АНГИЛЛЫН ТАЛААР ГАНЦ ХУУЛЬД Л ТУСГАЖЭЭ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.1.2-т хөгжлийн бэрхшээлтэй, эсэхийг биеийн үйлдэл, үйл ажиллагааны олон улсын ангиллаар тогтоох талаар тусгажээ. Тодруулбал, 2016 онд баталсан уг хуульд олон улсын ангиллын талаар ганц ийм өгүүлбэр л багтаасан байна. Өөрөөр энэ ангиллыг хэрхэн хэрэгжүүлэх, хэн гүйцэтгэх, яаж үнэлэх, үнэлгээний дараах үйлчилгээний талаар огт дурдсангүй. Эрүүл мэндийн сайдын тушаалаар сэргээн засах төвүүдийн эмч, мэргэжилтнүүд эл ангиллыг хэдэн жилийн өмнө үйл ажиллагаандаа бага сага ашигласныг эс тооцвол манайд туршлага гэх зүйл алга. Хөгжлийн бэрхшээлийг зөвхөн өвчин гэдгээр нь бус, нийгмийн талаас нь авч үзэж, тухайн иргэн нийгэмдээ ямар оролцоотой, хөдөлмөрлөх чадвар нь хэр хэмжээнд байгааг нарийн гаргах цаг хэдийн болсон. Үйл хөдлөлийн олон улсын ангиллыг нэвтрүүлэхэд шийдвэр гаргагчид болон олон нийтийн оролцоо дэмжлэг маш чухал.
Одоогоор манай улс хөгжлийн бэрхшээлийг зөвхөн ICD-10 ангиллын шалгуураар үнэлж буй. Энэ нь олон улсын өвчний код бөгөөд зөвхөн хүний биеийн өвчин, эмгэгийг л оношилдог гэсэн үг. Харин тусгай зургаан сургуульд мэдрэл, нүд, чих, хамар, хоолойн эмч, согогзүйч, багш, хэл засалчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн үнэлгээг гаргадаг байна. Тэд хөгжлийн бэрхшээлийг үнэлэх чиглэлээр мэргэшсэн ч ICF-ийн ач холбогдлын талаар төдийлөн мэдэхгүй аж. Баянгол дүүрэг болон Хөвсгөл аймагт үйл хөдлөлийн олон улсын ангиллын талаар анхан шатны ойлголт өгөх сургалт зохион байгуулжээ. Гэвч энэ нь хангалтгүй бөгөөд улс орон даяар хэрэгжүүлэхийн тулд эхний удаа хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлэв. Манай улсын тухайд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд л эл ангиллын талаар цухас дурдсанаас биш, бусад хууль, эрх зүйн баримт бичигт төдийлөн тусгаагүй. Ялангуяа эрүүл мэнд, боловсролын болон нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжид ICF ангиллын талаар тодорхой хэмжээнд тусгах шаардлага тулгарч буй юм. Хууль, эрх зүйн орчныг тодорхой болгохын тулд ICF ангиллын үнэлгээний арга барил ямар байх, хэн үнэлэх, тухайн үнэлгээнд үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн дэмжлэг үзүүлэх, ямар хэрэглэгдэхүүн ашиглах гэх мэт зүйлийг нарийн тооцож гаргах шаардлагатай болох аж.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гэрэл энэ тухайд “Манай улс зөвхөн эмчийн оношинд тулгуурлан хөгжлийн бэрхшээлийг тодорхойлохын зэрэгцээ тоо баримт, суурь судалгаагаа гаргадаг. Гэтэл мэдрэлийн өвчний улмаас хараагаа алдсан хүмүүс бий. Тэд нүдний биш, мэдрэлийн эмчийн хяналтад бүртгэлтэй байдаг учир “хараагүй” гэдэг ангиллаас хасагдчихдаг. Харааны асуудал зөвхөн нүдний эмчийн л хяналт, харьяалалд байдаг мэтээр хүмүүс ойлгодог. Гэтэл тийм биш. Улсын хэмжээнд 11 700 орчим хараагүй иргэн бий. Тэднийг тус бүртээ үйлдлийн ямар чадвартайг тодорхойлоход ICF ангилал чухал үүрэгтэй. Хараагүй иргэд төдийгүй бусад төрлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд ч энэ ангилал нэн чухал. АНУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай актыг үзэхэд үйлдлийн чадварыг их өргөн хүрээнд авч үздэг юм билээ. Тухайлбал, харах, сонсох, үнэрлэх, ярих, явах чадвараас гадна, амьсгалах, хоол боловсруулах эрхтний үйлдэл алдагдсаныг хүртэл хөгжлийн бэрхшээлд тооцдог. Жишээ нь, хэвийн амьсгалж чаддаггүй хүнд хүчилтөрөгчийн аппарат байнга зүүлгэх, эсвэл ажиллах хугацааг нь богиносгох зэргээр өөрт нь таарсан “тохиргоо” хийж өгдөг. Хэдэн хүний ямар үйлдлийн чадвар алдагдсаныг тогтоочихвол төрөөс хэрхэн дэмжих нь ч тодорхой болно. ICF буюу үйл хөдлөлийн олон улсын ангилал нь эрүүл мэнд болон нийгмийн оролцоог хоёуланг нь харгалзан үздэгээрээ давуу талтай. Жишээ нь, хараагүй хүнд нийгэм, орчны талаас нь ямар саад учирч байна, ном уншиж, ганцаараа явдаг уу, гэртээ хоол, цайгаа өөрөө хийж чаддаг уу, сургуульд сурахад, ажил хийхэд ямар дэмжлэг хэрэгтэй вэ зэргийг тодорхойлох юм. Үүний дараа төр, засгаас иргэдийн оролцоог нь бүрэн дүүрэн хангахад анхаарах шаардлагатай” хэмээсэн.
Түүний хэлснээр бол хараагүй ч гэсэн олон нийтийн газраар өөрөө явж чаддаг хүнийг улам чадавхжуулж, таягийн тусламжтайгаар бие дааж явж сургах сургалтад хамруулах шаардлагатай гэв. Хэрэв ганцаараа явж чаддаггүй бол гэрээс нь авч, хүргэж өгдөг хувийн туслахын үйлчилгээнд хамруулах нь зүйтэй гэнэ. Саад бэрхшээлийг нь ийнхүү тодорхойлсноор тухайн хүнтэй ажиллах төлөвлөгөө боловсруулахад дөхөм болох аж. Сонсголын бэрхшээлтэй хүний тухайд ч ялгаагүй бусад чадвараа ашиглан ажиллаж хөдөлмөрлөх боломжтой. Гэтэл өдгөө манайд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрүүл мэнд талаас нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хэмээн оношилж, сурах, ажиллах боломжийг нь хязгаарласаар байгаа юм.
ҮНЭЛГЭЭНИЙ ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭН ЧУХАЛ
“Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ” гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тодорхойлжээ. Орчны саад нь хөгжлийн бэрхшээл үүсгэхэд нөлөөлж буйг үүнээс харж болно. Энэ саадыг арилгахад үйл хөдлөлийн олон улсын ICF ангилал чухал нөлөөтэй. Тэгвэл эл ангиллыг хэрэгжүүлэхийн тул цогц ажил өрнүүлэх хэрэгтэйг Д.Гэрэл яриандаа онцолсон. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл хөдлөлийн чадварыг зүгээр л үнэлээд өнгөрөх биш, дутууг нь дүүргэх, сул талыг нь сайжруулах, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх сургалтууд маш хэрэгтэй. ICF бол хүн төвтэй үйлчилгээний нэг загвар юм. Манай мэргэжилтнүүд үйлдлийн чадвар алдалтаар нь ангилах тухай л яриад байна. Үүнээс гадна сургалтын төв, багш, мэргэжилтэнтэй болох хэрэгтэй. Тухайн хүний алдагдсан боломж, чадварыг нөхөн сэргээх нь олон улсын ангиллын гол зорилго. Шийдвэр гаргагчид энэ бүхнийг цогцоор нь харах хэрэгтэй” гэв.
ICF ангиллыг бүхэлд нь хөгжүүлж, үр шимийг хүртсэн орны нэг бол АНУ. Тус улс төрийн бодлогынхоо дагуу нөхөн сэргээлтийн зөвлөх мэргэжилтэн бэлддэг аж. Тэрхүү мэргэжилтэн нь хөгжлийн бэрхшээлтэй хэсэг хүмүүсийг хариуцаж, аль чиглэлийн сургалтад хамруулах, ямар технологи хэрэгтэйг нь тодорхойлж, сурах, ажиллах боломжтой газарт зуучилж өгдөг байна. Нэг ёсондоо тухайн иргэн бие даан амьдрах, нийгмийн бүрэн дүүрэн оролцоотой болтол нь дэмжлэг үзүүлдэг гэнэ. Манай улсад хүн төвтэй ийм бодлого аль ч салбарт дутагдаж буй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сайн сайхны төлөө төр, засаг болон төрийн бус байгууллагууд олон ажил зохион байгуулдаг. Гэсэн ч тухайн хүндээ өгөөжтэй, амьдрал ахуйд нь бодит өөрчлөлт, үр дүн гарсан нь хуруу дарам цөөн гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлж байлаа. Тиймээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамааралтай асуудлыг шийдэхдээ тэдний төлөөллийг оролцуулахыг хүсэж буйгаа уламжилсан. Нэг сургалтад суулгаад орхичихдог биш, сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлбэл тэр нь эргээд нийгмийн хөгжилд оруулж буй үнэт хувь нэмэр болох билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даах чадварт хэдийчинээ суралцана тэр хэрээр халамж горилогч бус, баялаг бүтээгч болох боломжтой. Энэ боломжийг олгоход үйл хөдлөлийн олон улсын ангилал ICF чухал үүрэгтэй аж. Нэг түлхүүр бүх хаалганд таардаггүй шиг өөр өөр бэрхшээлтэй иргэдийг “Хөгжлийн бэрхшээлтэй” гэсэн нэг “малгайн” дор оруулж болохгүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон талын оролцоог хангахад эмчийн магадалгаанаас илүүтэй үйл хөдлөлийн олон улсын ангиллыг хэрэгжүүлэх нь чухал нөлөөтэй юм байна.
Бэлтгэсэн Ч.Болортуяа