Японы нийслэлд 2008 оны зургадугаар сард халдлага үйлдсэн, 39 настай Томохиро Катод оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэсэн тухай NHK мэдээлэв. Энэ нь Ерөнхий сайд Фүмио Кишидагийн Засгийн газрын үед цаазаар авах ялыг хоёр дахь удаагаа гүйцэтгэсэн явдал болжээ.
14 жилийн өмнө Токио хотын хөл хөдөлгөөн ихтэй Акихабара гудамжинд гарсан хэргийн улмаас долоон хүн амиа алдаж, 10 хүн шархадсан юм. Гэмт этгээд ачааны машинтай олон хүн рүү дайрч, гудамжийг хаасныхаа дараа машинаасаа бууж, хажуугаар өнгөрсөн хүмүүсийг хутгалжээ. Гэмт хэрэг үйлдэхдээ 26 настай байсан Томохиро Като ганцаардаж, цагийн ажлаа алдах айдсын улмаас амьдрах сонирхолгүй болсон тул хэнийг ч хамаагүй хөнөөхөөр Шизүока мужаас Токиод ирснээ баривчлагдсаныхаа дараа мэдэгджээ.
Түүнийг сэтгэцийн эмгэггүй, хийсэн үйлдлүүдээ бүрэн хариуцах чадвартай гэж хуулийн байгууллага дүгнэсэн учраас нотлох баримтууд болон мөрдөн байцаалтын үр дүнд үндэслэн шүүхээс цаазаар авах ял оноосон аж.
Хэд хэдэн хүний амийг хөнөөсөн тохиолдолд Японы шүүх байгууллага гэмт этгээдийг цаазаар авах ялаар шийтгэдэг. Үүнээс өмнө өнгөрсөн оны эцсээр цаазаар авах шийтгэлийг гүйцэтгэсэн гэнэ. Тэр үед мэдээлснээр тус улсад ийм ял шийтгүүлсэн 100 гаруй хүн байв. Олон улсын хүний эрхийн байгууллагууд хүнлэг бусаар шийтгэхээ болихыг тус улсад уриалжээ.