АНЭУ-ын Дубайн эмиратын эрх баригчид “Дубайн метаверс ертөнц” төсөл хэрэгжүүлж эхлэв. Энэ төслийн дагуу таван жилийн дотор Засгийн газар нь 40 мянган виртуал ажлын байр бий болгож, төсөвт дөрвөн тэрбум ам.доллар оруулна гэж тус эмиратын угсаа залгамжлах хунтайж Шейх Хамдан бин Мохаммед твиттер хуудсандаа бичжээ. Таван жилд блокчейн компаниудын тоог тав дахин нэмэгдүүлэх нь уг төслийн зорилго юм. Өнөөдрийн байдлаар метаверс болон блокчейн салбарын 1000 гаруй компани Дубайд хэдийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тэдний үйл ажиллагаа үндэсний эдийн засагт нь 500 сая ам.долларын орлого оруулж буй. Метаверс нь аватараар дамжуулан хүмүүс бие биетэйгээ болон виртуал объектуудтай харьцах боломжтой дижитал орон зай юм.