Украин, Оросоос хүнсний бүтээгдэхүүн, ОХУ-ын бордоог дэлхийн зах зээлд нийлүүлэх улс төрийн арга хэмжээг хамтран боловсруулахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш тус байгууллагын Ерөнхий ассамблейн хүнсний хямралтай тэмцэх дээд хэмжээний арга хэмжээнд оролцогчдод илгээсэн цахим илгээлтдээ уриалав. 2022 онд олон бүс нутагт өлсгөлөн нүүрлүүлэхгүйн тулд үүнийг даруй хийх ёстойг тэрбээр тэмдэглэлээ. Эс бөгөөс ирэх жил байдал улам дордож болзошгүй аж. Түүнчлэн хүнсний хямралыг шийдвэрлэхийн тулд олон улсын худалдааг нээлттэй байлгах шаардлагатай гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байна.
Цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Украины далайн боомтуудаас үр тариа гаргах боломжгүй болсон. Тэдгээр боомтод 25 сая тонн үр тариа гацсан байгаа тухай Германы талаас тавдугаар сарын дундуур мэдээлcэн байдаг. Үүний сацуу Өрнөдийн орнууд бордооны асуудлаар Оросын эсрэг авсан хоригоос үл хамаарах арга хэмжээнүүд тавьсан ч энэ зах зээлийн олон оролцогч гүйлгээнд оролцохоос болгоомжилж, энэ нь нийлүүлэлтэд нөлөөлж буйг “Bloomberg” агентлаг мэдээлсэн. Бордооны нийлүүлэлт эрс багассан нь дэлхийн зах зээлд хүнсний үнэ өсөхөд хүргээд байна.
Орос улс энэ жил 37 сая тонн үр тариа, ирэх онд 50 сая тонныг арилжааны хэлбэрээр экспортлохоор төлөвлөж байгаа тухай ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершинин дээрх арга хэмжээнд оролцохдоо мэдэгдэв.