Банкууд зээл олголтоо хязгаарлав. Томоохон банкууд хадгаламж барьцаалсан гэх мэт илүү найдвартай зээлийн бүтээгдэхүүнээ иргэдэд санал болгож эхэллээ. Орлого нь тодорхой, барьцаа хөрөнгө нь сайн зээлдэгчид л банкууд зээл олгож байна. Томоохон хэмжээний мөнгөн дүнтэй зээл олгохоо бүрмөсөн зогсоолоо. Нэгэн банкны эдийн засагч зээл олголтоо хязгаарласан шалтгаанаа “Нэгдүгээрт, зээлийн эргэн төлөлт муу байна. Хугацаа хэтэрсэн зээл ихсэж, чанаргүй зээл нэмэгдэх хандлагатай боллоо. Тиймээс банкууд эрсдэлээ тооцоод зээл олголтдоо хязгаар тавьсан.
Хоёрдугаарт, банкууд эх үүсвэргүй болсон. Эргэн төлөлт муу байгаагаас эх үүсвэр хумигдаж байна. Хадгаламж байршуулах иргэн, байгууллага алга. Энэ нь эх үүсвэр дутагдах өөр нэг шалтгаан болж байгаа” гэж тайлбарлав. Монголбанкнаас хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахаар зэхэж буй банкуудад активын чанарын үнэлгээ хийж эхэлсэн. Эдийн засагчид үүнийг зээл олголт зогсох нэг шалтгаан болсон гэж үзэж байна. Тэд “Банкууд активын чанараа үнэлүүлсний дараа зээл олгож эхлэх төлөвлөгөөтэй байгаа” гэж тайлбарласан. Гэхдээ банкууд эрсдэлээс болгоомжилж буй нь, хөрөнгийн эх үүсвэргүй болсон нь зээл олголт зогсох гол шалтгаан болж буйтай хэн ч маргасангүй.
Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 3.8 хувиар агшсан. Үндэсний статистикийн хорооноос энэ сард багтаан Монгол Улсын эдийн засгийн байдал хэрхсэнийг зарлана. Эдийн засагчид хасах дүнтэй гарах болов уу гэсэн таамаг дэвшүүлж буй. Манай улсын эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агшиж хямрал үүссэн. Өнгөрсөн онд бага зэрэг өссөн. Тэгвэл энэ онд эдийн засгийн хямралын шинж тэмдэг илэрсээр байгаа билээ. Банкууд зээлийн хязгаарлалт хийсэн нь эдийн засгийн хямрал санхүүгийн зах зээлийнхээ тогтвортой байдалд нөлөөлж буй үзэгдэл мөн үү. Эл асуултад хариулт олж, түүнээс улбаалан сөрөх бодлого хэрэгжүүлэх цаг иржээ. Эдийн засгийн нөлөө санхүүгийн зах зээлд хэрхэн тусаж буйд хамгийн сайн дүн шинжилгээ хийдэг байгууллага бол Монголбанк. Тиймээс дээрх асуултыг тэднийд хаяглах нь зөв.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Хямралаас гарч буй процесс үргэлжилж байна гэж би хэлнэ. Эдийн засгийн өсөлтийг хасах гаргаж буй шалтгаан нь уул уурхайн салбар. Түүн дотроо нүүрсний экспорт буурсан нь гол нөлөө үзүүлж байна. Сүүлийн үед дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн нь эдийн засгийг агшаах нөлөө үзүүлж байгаа. Нөгөө талдаа уул уурхайн бус салбар сэргэж байна. Сэргэхгүй байгаа хоёр салбар бий. Тэр нь тээвэр, барилга. Бусад салбар өсөлт рүү шилжих үедээ байна. Ялангуяа худалдаа, үйлчилгээний салбар өндөр өслөө. Хөдөлмөрийн нөөц их хэмжээгээр шингээдэг салбарууд өсөж буй нь эерэг үзүүлэлт. Нүүрсний экспорт өсвөл эдийн засгийн нөхцөл нийтдээ эерэг болно. Тэгэхээр шууд хямрал гэж хэлж болохгүй” гэв. Мөн тэрбээр банкууд зээлээ зогсоосон тухайд “Банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх, хөрвөх чадвар суларч байгаа нь төлбөрийн тэнцлийн алдагдалтай холбоотой. Төлбөрийн тэнцлийн алдагдал нь экспортын орлого бага байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс үнэ нь өссөн импортын бараа, үйлчилгээ хэрэглээд, түүнийгээ экспортын орлого нь нөхөж чадахгүй байна гэсэн үг. Нүүрсээ их хэмжээгээр эскпортолж чадахгүй байгаа учраас төлбөрийн тэнцлийг алдагдлыг нөхөх хэмжээний валют орж ирэхгүй байна” гэж хариулав.
Төлбөрийн тэнцлийн алдагдал валютын ханшийг өсгөж, инфляцыг хөөрөгдөх нөлөөтэй байдаг. Үндэсний стастистикийн хорооноос мэдээлснээр энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 942.8 сая ам.долларын алдагдалтай гарсан. Энэ бол эдийн засагт үзүүлэх бодит дарамт болж буй. Зарим эдийн засагч “Төсвийн тэлэх бодлого, Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний нийлүүлэлтийг нэмсэн нь бүгд ам.доллар болоод хил давчихсан. Тиймээс төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж байна” гэж тайлбарладаг. Тэгэхээр манайхан эдийн засгийн орчноо өөрийн гараар муутгасан болж таарч байна. Том зургаар нь харвал төлбөрийн тэнцлийн алдагдал эдийн засгийн орчноо муутгажээ.
Банкууд мөнгөний эх үүсвэрийн хомсдолд орсон гэж мэдэгдэж буй. Тэгвэл мөнгөний нийлүүлэлт энэ оны тавдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 190.9 тэрбум төгрөгөөр өсжээ. Мөнгөний нийлүүлэлт өсөөд байхад банкууд яагаад эх үүсвэрийн дутагдалд орж байна вэ гэсэн асуулт гарна. Зах зээлд нийлүүлсэн мөнгө банк руу биш, өөр зүйлд зарцуулагдаж буй. Иргэд хадгаламжаа татаж, хэсэг хугацаанд койн худалдаж авсан. Дараа нь үл хөдлөх хөрөнгө рүү хошуурав. Мөн хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдан авцгаасан билээ. Тэгвэл сүүлийн үед хадгаламж дахь төгрөгөөрөө ам.доллар худалдаж авах давлагаа үүслээ. Энэ нь Төвбанкны бодлогын хүүг бууруулснаас үүдэж зээлийн хүү багассантай холбоотой гэнэ. Банкны хадгаламжийн хүүгээс өндөр өгөөж олох гэсэн хүмүүс хадгаламжаа татсан хэрэг.
Тэгэхээр банкууд эх үүсвэргүй болох нь дамжиггүй. Төгрөгийн хадгаламж энэ оны тавдугаар сарын эцэст 13.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд буюу 7.3 хувиар буурсан нь үүнийг батална. Мөн валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 112.2 тэрбум төгрөгөөр буюу 2.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Эл статистик банкуудын төгрөгийн хадгаламж ам.доллар луу хөрвөснийг илтгэж буй.
Банкуудын хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны тавдугаар сарын эцэст 20.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд буюу 34.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэхүү статистикаас харахад зээл өссөн байгаа биз. Тэгвэл одоо олголт нь хязгаарлагдсан. Тэгэхээр үүнээс хойш зээлийн өсөлтийн хурд саарах нь тодорхой. Банкуудын хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны тавдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 81.9 тэрбум буюу 8.2 хувиар өсөв. Хугацаа хэтэрсэн зээл өсөж байна гэдэг бол чанаргүй нь нэмэгдэх цондон билээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өсөлт сарын хугацаанд өндөр хувиар нэмэгдсэнийг анзаарах хэрэгтэй.
Тэгвэл чанаргүй зээл хэрхэж байна вэ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны тавдугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 94.4 тэрбум буюу 4.7 хувиар өссөн байна. Чанаргүй зээл ч өсжээ. Эдийн засгийн орчин муу байгаа учраас банкууд эрсдэлээс болгоомжилж зээл олголтдоо хязгаар тавьсан үнэн аж. Хамгийн гол нь мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр хадгаламжийн хүү буурсан нь банкнаас эх үүсвэр зугтах шалтгаалж болж, тэр нь зээлээ хязгаарлахад хүргэжээ гэж дүгнэж болох нь.
Бэлтгэсэн Т.Энхбат