Соёлын салбарын удирдах ажилтны нэгдсэн хэлэлцүүлэг "Соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн дор Улаанбаатар хотод өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт театр, музей, номын сан зэрэг Соёлын яамны харьяа болон аймаг, нийслэл, сумдын соёл урлагийн байгууллагын удирдлагад тус тусын мэргэжил чиглэлийн дагуу салбар хэлэлцүүлэгт оролцлоо.
Салбар хэлэлцүүлгийн хүрээнд Соёлын яамны Төрийн захиргаа удирдлагын газраас 21 аймгийн Соёл урлагийн газрын дарга нарт “Төрийн албаны шинэтгэл-Соёлын салбарт”, “Соёл, урлагийн хөгжлийн стратеги”, “Соёлын байгууллагуудын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлал”, “Стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.
Мөн ёс зүйтэй төрийн албаны шинэтгэлийг соёлын салбарт хэрхэн хэрэгжүүлэх, төлөвшүүлэх талаар Төрийн Захиргааны Удирдлагын Газраас үүрэг, чиглэл өглөө. Хэлэлцүүлгийн дараа аймгийн удирдлагууд орон нутгийнхаа соёл, урлагийн газарт тулгамдаж буй асуудлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаараа санал солилцлоо.