Монголын ширээний теннисний үндэсний шигшээ баг, “Оч” клубийн тамирчин, спортын мастер М.Ундрам энэ спортод хөл тавьсан цагаасаа амжилт гаргаж яваа. 2017 онд “Дээд лиг”-т чансаагаараа I байрт жагссан тэрбээр 2020 онд шилдэг 16 эмэгтэй тамирчны эгнээнд багтаж, аваргын цом өргөв. Тэр жилээ насанд хүрэгчдийн УАШТ-д өрсөлдөж, алтан медалиас атгасан юм. Түүний хувьд 2018, 2019 он дотоод, гадаадын тэмцээнд ур чадвараа сорьсон жил байлаа. “Mon¬golian сup” олон улсын тэмцээний ганцаарчилсан төрөлд хүрэл, Зүүн Азийн ширээний теннисний 24 дэх аварга шалгаруулах сорилт тэмцээний багийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Дараа нь Францын Метц хотод зохион байгуулсан олон улсын нээлттэй тэмцээнд насныхны ангилалд эхний 32-т шалгарсан байна. Өсвөр үеийнхний УАШТ-ээс (2012- 2018 он) аваргын долоон түрүүтэй тэрбээр Монголын оюутны спортын V наадамд МУИС-иа төлөөлөн оролцож удаалсан юм. Түүнтэй ярилцлаа.
-Өмнөд хөршийн Чэндү хотод болох ширээний теннисний багийн ДАШТ, мөн “Ханжоу-2022” Азийн наадам цуцлагдлаа. Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээнийг намар зохион байгуулна. Ойрд томоохон тэмцээнгүй тул шигшээ багийнхан БНСУ-д хамтарсан бэлтгэл хийнэ гэсэн үү?
-Тийм ээ, БНСУ ширээний теннист гаргасан амжилтаараа дэлхийд гуравт жагсдаг. Бид тус улсыг наймдугаар сард зорьж, томоохон группийн шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл хийх юм. Манайхан дотооддоо голдуу бэлтгэл хийдэг болохоор ур чадвар дорвитой ахидаггүй. Казахстан, Индонез улсын тамирчид гадаадын тэмцээнд оролцохын зэрэгцээ өөр орны багийнхантай хамтарсан бэлтгэл хийж, чадвараа сайжруулсаар байна. Монголын теннисчид тив, цаашлаад ДАШТ-д өрсөлддөг. БНХАУ-ын Чэндү хотод болох ширээний теннисний багийн ДАШТ цуцлагдлаа. Өмнө нь дэлхийн аваргад чансаагаараа 72-т жагсдаг орны тамирчид оролцдог байсан бол одоо эхний 45-д эрэмбэлэгдсэнийг нь оролцуулах болсон. Тэгэхээр 68-д жагсдаг бидний хувьд оролцох, эсэх нь эргэлзээтэй л байна.
-ОУОХ-ны гишүүн, БНСУ-ын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч, “Афин-2004” олимпын аварга Pю Син Мин Монголд ирээд буцлаа. Айлчлах үедээ шигшээ багийнхантай нөхөрсөг тоглолт өрнүүлсэн нь танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Би Гавьяат дасгалжуулагч Т.Мэргэн багшаар ширээний теннис анх заалгасан. Биднийг нэг тэмцээнд багаараа түрүүлэхэд багш дэлхийн алдартай тамирчдын зурагт хуудас өгсөн юм. Сонирхоод хартал “Афин-2004” олимпын наадмын аварга, БНСУ-ын тамирчин Рю Син Миний зураг байв. Тэр үед хүүхэд байсан тул гайхалтай амжилт гаргасан аварга энэ спортоос төржээ гэж бодоод өнгөрсөн. Түүнээс олон жилийн дараа тэрбээр Монголын ширээний теннисний холбооны урилгаар манай улсад ирж, үе үеийн теннисчидтэй уулзан, санал бодлоо хуваалцлаа. Дэлхийд амжилтынхаа чансаагаар тэргүүлдэг байсан түүнийг бодитоор харах аз завшаан энэ удаа тохиосон нь тун сонирхолтой санагдсан.
-Хүүхэд байхаасаа цахиур хагалсан таныг үзэгчид улсын аваргад хэзээ түрүүлэх бол гэж удаан хүлээсэн дээ.
-Өөрийгөө улсын аваргад түрүүлнэ гэж бодоогүй. Өмнө нь тэмцээнд бие, сэтгэл зүйгээ сайтар бэлтгэж, хичээж тоглосон ч ялагдаад нэг л од муутай байв. Өнгөрсөн жилийн тэмцээнд хэсгээсээ шалгарч, Б.Ганцэцэгтэй тоглосон. Би сандарснаасаа болж хожигдохоороо бухимдах гээд байдаг. Тэгтэл найзууд минь “Чи түүнтэй шийдэмгий тогло. Зоригтой, харамсахгүй тоглож байж ялна” гэж зөвлөсөн. Түүнд 2:0-ээр ялагдаж явсан би гурав дараалж хожсон юм. Ширээний теннисчид ингэхийг “33 дах” гэдэг. Дараа нь Э.Намуунбайгалийг 3:0-ээр илүүрхэж, шигшээ багийнхаа Б.Должинзуу эгчтэй таарсан. Тэрбээр миний хүчтэй өрсөлдөгч. Бид улсын аваргад жил бүр таардаг болохоор нэгнийхээ тоглох техникийг мэднэ. Тэмцээн үзэж суусан үзэгчид “Тэдний хэн нь түрүүлж, аварга болох бол” гэж ярилцаж байлаа. Тэрбээр Хятадад ширээний теннисний сургуульд багаасаа сурсан тул техник нь биднийхээс өөр. Түүнийг ялах хэцүү ч тактикаа өөрчилж тоглоод хожсон.
-Хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авчихаад аваргын төлөө Токиогийн олимпод оролцсон Б.Болор-Эрдэнэтэй тоглосон санагдана.
-Тэмцээний өмнө сугалаагаа хартал улсын аваргад түрүүлж, медаль хүртсэн чанга учраануудтай таарсан байв. Би түүнтэй 2018 онд болсон улсын аваргад таарч мөнгөн медаль хүртсэн юм. Миний хувьд түүнээс даагаа нэхэх тэмцээн байлаа. Эхний үед 2:2 болж тэнцсэн ч дараа нь 3:2-оор би тэргүүлж эхлэв. Тоглолт өрнөсөөр онооны харьцаа 7:5 болж, тэрбээр хожлын салхийг өөрийн талд эргүүлэхэд надад яг одоо л хожих ёстой гэсэн бодол төрсөн. Миний хувьд анхаарлаа төвлөрүүлж, мэдэрч тоглох чухал байлаа. Тэрбээр Кан Дон Хүн дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийж, Токиогийн олимп, Катарт болсон Азийн аваргад оролцохдоо чамгүй туршлага хуримтлуулсан. Шийдвэрлэх тоглолтод түүнтэй баруун, зүүн талд нь ээлжилж тоглосоор 4:2-оор хожив. Тэмцээний дараа “Түүнийг ялж, улсын аварга болох өдөр ирдэг юм байна” гээд бодож билээ.
-Аваргын цом, алтан медаль үнэ цэнтэй ирсэн байх нь.
-Манайхан аваргын төлөөх тоглолтыг ирж үзсэн. Аав олон зүйл ярихгүй ч харцаараа хожигдож болохгүй шүү гэж хэлдэг. Би багадаа өөрөөсөө сул өрсөлдөгчид ялагдчихаад гэртээ харихаас халширдаг байлаа. Намайг түрүүлэхэд найз минь баярласандаа тэврээд л уйлсан.Тэрбээр аварга болчихоосой гэж олон жил хүлээсэн дээ. Би Р.Мөнхнаран, Б.Мөнхзаяа нартай ойр дотно нөхөрлөдөг. Бид багадаа Т.Мэргэн багшийн удирдлагад хичээллэдэг байсан юм.
-Аав тань хөтөлж ирээд Т.Мэргэн багшийн шавь болгосон гэдэг юм билээ.
-Аавдаа хөтлүүлээд “Тэмүүжин” спорт сургалтын төвийн ширээний теннисний клубт иртэл баахан хүүхэд шуугилдаж угтлаа. Эхний хэдэн сар теннисний бөмбөг зөөв. Тэр үед багш намайг хэзээ теннис тоглуулах бол оо гэж их боддог сон. Туршлагатай, сайн багшийн удирдлагад хичээллэж, сууриа зөв тавьсандаа баярладаг. Миний хараа муу болохоор тэр үед теннис тоглоход бөмбөгөө олж харах болов уу гэж эргэлздэг байв. Ширээний теннистэй нөхөрлөснөөр хараа минь аажмаар сайжирч байгаа нь анзаарагдсан. Нүдний эмчид үзүүлтэл “Чиний хараа өмнөхөөсөө сайжирсан байна” гэж хэлэхэд нь их баярласан.
-Спорт эрүүл мэндэд тань сайнаар нөлөөлжээ.
-Ширээний теннис намайг хөгжүүлж, нүдний хараа, түргэн бодох чадварыг минь сайжруулсан. Спортод хөл тавьсны ачаар аливаа зүйлд хүлээцтэй, тайван ханддаг болж, тэвчээр хатуужлаас багагүй суралцлаа. Дардан замаар урагшилж, амжилт гаргадаг тамирчин байхгүй. Надад ч гэсэн халширсан үе бишгүй. Хичээлээ тараад гэртээ харилгүй бэлтгэлээ үргэлжлүүлэх хэцүү. Өдөржин бэлтгэл хийчихээд, гэртээ ирж хичээлийнхээ даалгаврыг хийх амаргүй санагддаг сан. Үеийнхэн минь найзуудтайгаа баяр тэмдэглэн, кино үзэж, чөлөөт цагаа дуртай зүйлдээ зориулахыг хараад өөрийн эрхгүй атаархдаг байв. Гэхдээ ингэж хөдөлмөрлөсний давуу талыг дараа нь олон зүйл дээр мэдэрсэн.
-Тэмцээнд байнга оролцдог танд ангийнхаа нөхөдтэй нөхөрлөх зав тэр бүр гардаггүй байж л дээ.
-Би сурагч байхдаа гэрийнхээ ойролцоох Баянгол дүүргийн 96 дугаар сургуульд шилжиж ирсэн юм. Шинэ сургуульд дөнгөж орсон надад нөхөрлөх найз байсангүй. Нэг өдөр сургуулийн гадаа аав, ээжийг хүлээж зогсохдоо Г.Энх-Уламжлал охинтой танилцлаа. Түүнтэй нэг ангид сурдаг байснаа дараа нь мэдсэн. Бид тэр цагаас өнөөг хүртэл нөхөрлөж байна. Би одоо оюутан. МУИС-ийн Бизнесийн сургуульд санхүүгийн чиглэлээр сурдаг.
-Тамирчдад алдаа, оноотой анхны тэмцээн нь дурсамж үлдээдэг. Улсын аваргад анх өрсөлдсөн түүхээсээ хуваалцаач?
-Өсвөр үеийн 12-оос дооших насныхны УАШТ-д анх удаа оролцохоор болж сэтгэл их догдолсон. Аав, ахтайгаа хүмүүсээс “Оч” клубийг асуусаар арай гэж олоод ортол танхим дүүрэн үзэгч тэмцээн үзэхээр сууж байв. Тийм олон үзэгч харж байгаагүй надад гайхах, сүрдэх зэрэгцсэн. Тэр тэмцээнд үеийнхэнтэйгээ тоглож, хожигдоод шарандаа уйлж байлаа. Багийн төрөлд халимаг үстэй хүүхэдтэй тоглохоор таарав. Хараа муутай тул түүнийг танихгүй “Эмэгтэйчүүдийн ангилалд надтай эрэгтэй хүүхэд яагаад тоглоод байна вэ” гэж эхэндээ их гайхлаа. Лавшруулаад хартал халимаг үстэй охин байв. Тэр тоглогч одоогийн шигшээ багийн тамирчин Б.Должинзуу эгч. Тэрбээр Хятадын Тяньжинь хотоос ирж, Орхон аймгийн “Хангарьд” клубийн харьяалалтай оролцсон юм билээ. Түүнд хожигдож медальгүй хоцорсон ч ур чадвараар нь их бахархсан шүү.
-Тоглолтын тань түвшин дорвитой урагшлахгүй нэг хэсэг удсан гэсэн. Тийм үед өөртөө эргэлзэж, теннисээс холдмоор санагддаг байв уу?
-Би хичээж тоглосон ч амжилт гаргахгүй удсан. Нэг тэмцээнд тааруухан оролцсоныхоо дараа “Ур чадвар нэг л ахихгүй нь, больё доо” гээд бодож байтал Д.Оюунчимэг багш “Ундрам аа, ингэж болохгүй. Үүнээс илүү зүйл чамаас хүлээж байгаа шүү” гэв. Түүний хэлсэн үг хоосорсон мэт санагдсан сэтгэлийг минь дүүргэж билээ. Аав, ээж “Теннисээр хичээллээд багагүй хугацаа өнгөрлөө. Эцсийн үр дүнг нь заавал харах хэрэгтэй. Хичээ, чадна” гэж хэлээд урагшлуулсан. Өрсөлдөгчдийг маань хүлээж авах хүмүүсийн хандлага миний хор шарыг улам төрүүлж “Би тэднээс юугаараа дутах юм” гэж өөрийгөө зоригжуулахад нөлөөлсөн. Хүн болгон тамирчин болохыг хүсдэг ч тэвчээр гаргаж, спортод үлдэх нь цөөн. Амжилт гаргахад хичээл зүтгэл, тууштай байдал чухал. Надад хичээсэн ч өмнөх түвшнээсээ ахихгүй, сонирхдог спортдоо юу ч хийгээгүй мэт санагдах үед Т.Мэргэн багшийн “Өөрийнхөөрөө тогло”, Т.Энхтөр дасгалжуулагчийн “Алдаа бол амжилтын нууц”, найзын минь “Амьдралд сөхөрсөн ч хөл дээрээ эргээд босох сэтгэлийн тэнхээтэй байгаарай” гэж хэлсэн үг ширээний теннисний спортод буцааж авчирсан.
-Т.Мэргэн багш шавийнхаа тоглолтыг “Ундрам техник” хэмээн цаашлуулдаг байсныг өмнө нь сонссон л доо.
-Түүний шавь байхдаа УАШТ-ий багийн төрөлд 12-оос доош насны ангилалд Б.Мөнхзаяа, Э.Дуламсүрэн нартай дахин түрүүлсэн юм. Аваргын төлөө мөн л Орхон аймгийн “Хангарьд” клубээс оролцсон Б.Должинзуу эгчтэй таарсан ч хожигдсон. Харин багийнх нь хоёр тоглогчийг хожиж, манайхан тэргүүлсэн. Тэр тэмцээнээс хойш шагнал тасраагүй. Би теннисээр хичээллээд удаагүй тул тоглох техникээр тааруухан байлаа. Багш миний арга барилыг мэддэг болохоор цаашлуулж “Ундрам техник” гэдэг сэн. 2012 онд болсон “Оч” клубийн нэрэмжит тэмцээнд шигшээ багаас Г.Индра эгчтэй анх удаа таарч “Ундрам техник”-ээр хожоод уйлуулж билээ. Тэрбээр медалиас мултарч, би III байр эзэлсэн. Түүнийг ялсан хэрнээ өөртөө итгээгүй. Тэр алтан медаль намайг энэ спортод эргэж буцахааргүй хөтөлсөн. Монголд ширээний теннисний ганцаарчилсан төрөлд лигийн тэмцээн болоход би үеийнхнээсээ огцом цойлж гарч ирсэн. Тэр үед Монголын шигшээ багийн эгч нар БНАСАУ-аас ирсэн дасгалжуулагч Чой Юн Хо багшийн удирдлагад бэлтгэл хийдэг байв. 2015 онд болсон лигийн тэмцээнд тэднийг хожчихоод хамгийн сүүлд Б.Должинзуу эгчтэй тоглож мөнгөн медалиас атгасан. Тэр үед эгч нар “Хөөх, Ундрам ямар хурдан сайжрав аа” гээд гайхаж байлаа.
-Гэрийнхэн тань таныг ямар ч үед ойлгож дэмждэг биз?
-Манайхан томоохон тэмцээнд оролцох үед заавал ирж үзнэ. Намайг тоглож байхад аав харагдахгүйг хичээдэг ч үзэгчдийн дунд суусныг нь би мэдэрдэг. Өрсөлдөгчөө ялах амаргүй үед аав минь зориг төрүүлж, түшиг болдог тал бий. Би айлын бага охин, хоёр ахтай. Нэг удаа том ах тэмцээн ирж үзэхдээ “Та нар дуу муутай, сэтгэл хөдлөлгүй тоглох юм. Өрсөлдөгчийнхөө өөдөөс орилооч” гэж билээ.
-Дээд лигт “Мираж” багийнхан “Ариг банк-итгэлт санхүүгийн групп”-ийн тоглогчдыг нэлээд сандаргасан шүү дээ.
-Би энэ жилийн лигт санасандаа хүртэл тоглоогүй. Улсын аваргад түрүүлсний дараа олны чи заавал хожих ёстой гэсэн хандлага нэг талаар дарамттай санагдсан тал бий. Лигт байнга оролцож, надтай тоглосоор байгаад техникийг минь мэддэг болсон тамирчдыг хожих амаргүй. Дээд лигийн 14 дэх удаагийн тэмцээнд Ө.Балжинням түрүүлж, улсын аваргын 11 түрүүтэй Х.Батхишиг эгч II, Б.Должинзуу эгч III, би V байрт шалгарсан юм. Багийн төрөлд аваргын төлөө манай “Мираж”-ийнхан Т.Болд дасгалжуулагчтай “Ариг банк-итгэлт санхүүгийн групп”-ийнхэнтэй ана мана үзэлцлээ. Тэр үед хоёр багийн аль нь хожих нь тодорхойгүй болж, тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон. Энэ удаа тэд аваргын цом өргөж, манайхан удаалж, “Хаан даатгал”-ынхан III байрт шалгарсан.
-Үндэсний шигшээ багт хэрхэн тоогдож, хөл тавив?
-Тамирчдыг шигшээ багт сонгохын тулд тэмцээнд гаргасан амжилт, ур чадварынх нь үзүүлэлтийг харьцуулдаг. Монголын ширээний теннисний холбооноос 2020 оны хавар намайг шигшээ багт тоглуулах санал тавьж, гэрээ байгуулсан. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард дахин сонгон шалгаруулснаар шигшээ багт тоглох эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин авсан юм. Биднээс хамгийн залуу нь Г.Сэр-Од. Тэрбээр 19 настай.
-Манайхан Кан Дон Хүн дасгалжуулагчийн удирдлагад хичээллэж багагүй хугацааг үдлээ. Түүнтэй одоо сайн ойлголцдог болсон биз?
-Тэрбээр биднийг сайн ойлгодог, тоглох арга барилд минь түлхүү анхаарч, орчин үеийн техникээс зааж байгаа. Шигшээ багийнхантай багагүй хугацааг өнгөрүүлсэн болохоор зан чанарыг нь мэднэ. Тиймээс хэн худлаа, үнэн ярьж байгааг ганц хараад л харц, хөдөлгөөнөөс нь мэдчихнэ. Тэрбээр анх ирсэн үеэ бодвол сайн ойлголцдог болсон. Багш монгол хэл сурахаар хичээж байгаа. Биднээс саяхан “байдаг, байсан, байна” гэдэг үг нэг утгатай хэрнээ яг юуг илэрхийлж байгаа юм бол гээд асуусан шүү (инээв).