Бурхан багшийн Их дүйчин өдрийг угтан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, “Дилав хутагт” сантай хамтран Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын амьдралыг толилуулсан “Даян дэлхийн энэрэл хайр” гэрэл зургийн үзэсгэлэнг тус хийдийн Батцагаан дуганд нээлээ. Гэрэл зургуудаар Дээрхийн гэгээнтний дөрвөн үндсэн үүрэг чухам юу болохыг тайлбарлан таниулахыг зорьсны сацуу дэлхий нийтэд энэрэл хайр, ёс суртахууныг түгээж буй ажлынх нь талаар, мөн Монголд хэзээ, хэрхэн айлчилсныг эргэн сануулсан зургуудыг ч дэлгэсэн юм.
Арга хэмжээг нээж Гандантэгчэнлин хийдийн лам нар ном хурж, тэргүүн хамба, Номун хан, гавж Д.Чойжамц үг хэлэв. Далай ламын бие төлөөлөгч Дилав хутагт Данзанламэд эдүгээ манай улсад буй бөгөөд тэрбээр үзэсгэлэнгийн нээлтэд оролцогсдод хандан үг хэлэхдээ “Дээрхийн гэгээнтэн өөрийгөө энгийн нэг хувраг хүн гэдэг ч үнэндээ тэр бол ер бусын нэгэн юм” хэмээлээ. Тус үзэсгэлэн долдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.