Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийнхөн ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай ажиллах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлжээ. Талууд үүний хүрээнд тахлын голомттой бүсэд хэрхэн хяналт тавьж, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах чиглэлээр мэргэшүүлэх сургалт зохион байгуулсан байна. Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд болсон сургалтад манай улсаас 10 мэргэжилтэн хамрагдсан аж. Тодруулбал, ЗӨСҮТ-өөс зургаа, Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Увс дахь салбар нэгжээс тус бүр нэг хүн оролцов. Эдгээр мэргэжилтэн 60 цагийн дадлага, сургалтад хамрагдан, тарваган тахал болон гоц халдварт өвчний лабораторийн оношилгоо, халдвар судлал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний орчин үеийн арга зүйд суралцсан бөгөөд цаашид орон нутаг дахь ЗӨСТ-ийнхнийг чадавхжуулах чиглэлээр ажиллаж, туршлагаасаа хуваалцах нь.