Сүүлийн хэдэн жилд хосууд гэр бүлээ батлуулахаас илүүтэй “тамга тэмдэггүй” хамтран амьдрахыг илүүд үзэх болсон. Үүний шалтгааныг “туршилтын” хугацаа хэмээж, яаран батлуулсны дараа салах дэмий гэсэн өнцгөөс тайлбарладаг. Тэгэхээр гэр бүл салалт яг хэд байгааг нарийвчлан гаргах боломжгүй ч албан ёсоор батлуулсан хосуудын хувьд энэ оны эхний таван сарын байдлаар 1743 нь гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхнээс 30 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Тэгвэл оны эхний таван сарын хугацаанд 6267 гэр бүл гал голомтоо бадраасныг улсын бүртгэлийн байгууллага бүртгэжээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гэрлэлтээ батлуулсан хос 1190-ээр буурсан үзүүлэлт юм.