Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварыг олон нийтэд сурталчлах, нийгмийн оролцоог хангах зорилгоор ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, “Монголын абилимпын холбоо” төрийн бус байгууллагаас санаачилсан “Монгол абилимп-2022” улсын анхдугаар уралдаан энэ сарын 23-нд болох тов гарчээ. Үүнд хараа, сонсгол, хэл яриа, тулгуур эрхтэн, сэтгэц, оюуны болон бусад бэрхшээлтэй 18-аас дээш насныхан оролцох бөгөөд тогооч, массажист, маникюрчин, үсчин, оёдолчин, мужаан, цэцэрлэгч, вэб хуудас хөгжүүлэгч, сийлбэрч, уран хатгамалч, постер загвар бүтээгч гэсэн төрөлд өрсөлдөх боломжтой аж. Уралдаанд оролцох хүсэлтэй иргэдийн мэдүүлгийг Nomin@gadpwd.gov.mn цахим хаягаар болон 7777-2001 утсаар дамжуулан энэ сарын 10 хүртэл хүлээн авах юм байна. Мэргэжлийн ур чадвараараа шалгарсан шилдгүүд олон улсын уралдаанд эх орноо төлөөлөн оролцох гэнэ.
Ж.СУВД