Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулллаа. Манай орон хүнснийхээ 50 орчим хувийг импортолдог бөгөөд өнгөрсөн онд гэхэд нэг тэрбум ам.доллароор бүтээгдэхүүн худалдан авчээ. Хэдийгээр мах, гурил, төмсөө дотоодоос хангаж буй ч гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүү, цагаан идээний 40, өндөгний 50, будаа, элсэн чихрийг 100 хувь гадаадаас нийлүүлж буйг дээрх зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Уг нь улсын хэмжээнд сүүлийн 10 жилд боловсруулах салбар дахь хүнсний үйлдвэрлэлийн эзлэх хувь дөрөв дахин өссөн ч гол нэрийн бүтээгдэхүүний гарц улирлын болон импортын хамааралтай хэвээр байгаа аж. Түүнчлэн хүнс бэлтгэл, боловсруулалт, худалдааны орчинд хууль, стандарт, журмууд хангалттай хэрэгждэггүй гэсэн. Үүнээс гадна хүнсний салбар технологийн хувьд хоцрогдон, хүний нөөцийн дутагдалд оржээ. Ялангуяа хүний нөөц бэлтгэхэд төрөөс анхаарах, ажилчдын чадавхыг сайжруулах зайлшгүй шаардлагатайг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн юм. Хүнсээ дотоодоос бүрэн хангах зорилгоор импортын гаалийн татвар тэг байгааг 30 хувьд хүргэх шаардлагатай гэдэгт зөвлөгөөнд оролцогчдын олонх нь санал нэгдсэн байна. Мөн Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлын болон Органик хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэх хэрэгтэйг дээрх зөвлөгөөний үеэр хөндлөө.