ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн оюутнууд нэгэн сонирхолтой тооцоо гаргасан талаар нэлээд хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд бичиж байв. Тодруулбал, Монгол Улс дэлхий нийтийн өмнө амласнаа биелүүлж, тэрбум мод тарилаа гэхэд түүнийг “тэжээх” усны нөөц хангалтгүй гэнэ. Ийм тооны мод, бутыг хоёр сар услахад л Хөвсгөл нуурынхтай дүйх хэмжээний нөөц шаардлагатай гэж дүгнэжээ. “Далай ээж”-д 46 гол, горхи цутгадаг бөгөөд усны нийт эзлэхүүн нь 381 (дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг эзэлдэг) шоо км. Хоёрхон сарын хугацаанд л энэ хэмжээний нөөц зарцуулна гэхээр жилд Хөвсгөл нуурыг зургаа нийлүүлсэнтэй дүйх ус ашиглана гэсэн үг. Төрөл зүйл, газар нутгийн онцлогоос шалтгаалаад мод, бут бүрийн ургах хугацаа, нөхцөл харилцан адилгүй. Гэхдээ ямар ч модыг эхний 1-3 жил тасралтгүй арчилж тордох шаардлагатай гэдэг. Тэгэхээр тэрбум модны хувьд 381 шоо км ус гэдэг бол өл дарах хэмжээний бага “хоол” юм. Тэрчлэн одоогийн байдлаар төр, хувийн хэвшлийнхний тарихаар төлөвлөсөн, амласан модны тоо 1.5 тэрбум даваад буй. Эндээс дүгнэхэд, оюутнууд ус ашиглалтыг хамгийн багаар тооцжээ.
Залуусын хийсэн тооцоо, судалгаатай холбоотой мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсанаар “Тэрбум мод тарина” хэмээн хөдөө, хотгүй хөөрцөглөж байсан монголчууд сая нэг юм ухаан оров. Байгалийн эрс тэс уур амьсгалтай учраас ойжуулалт, нөхөн сэргээлт хийхэд ихээхэн бэрхшээлтэй, цэнгэг усны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг ч хуримтлуулж, дахин ашигладаггүй учраас хомсдолд орох өндөр магадлалтай орны тоонд багтдаг, нийт нөөцийнх нь хоёрхон хувийг гүний ус эзэлдэг боловч хэрэглээнийхээ 88 хувийг түүнээс хангадаг зэрэг сул талуудаа гэнэт санаж, “Нээрэн яах билээ” гэж санаа алдацгаах боллоо. Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлогын түвшинд оролцож, тодорхой чиг үүрэг гүйцэтгэж байгаа төрийн зарим байгууллагынхан сандралдаж, оюутнуудын тооцооллыг үгүйсгэв.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрынхан “Нормоор бол навчит, шилмүүст модны усалгаанд жилд 250-300, жимснийхэд 330-400 литр ус зарцуулдаг. Цэнэг усалгаанд 120-150 литр ус шаардлагатай. Нэг модыг жилд багадаа 6-10 удаа усалдаг. Эл тооцооллоор тэрбум мод ургуулахад жилд дунджаар 400 сая шоо метр ус зарцуулна. Энэ нь Монгол орны нийт нөөцийн 0.071, гадаргын усны 1.16 хувьтай тэнцэж байна. Ийм хэмжээний ус ашиглахад байгалийн нөөцөд дарамт болохгүй. Хүмүүсийн ярьж буй шиг усны хомсдол нүүрлэхгүй. Усанд хэмнэлттэй технологийн шийдлүүдийг нэвтрүүлж, цас, борооны болон саарал усыг ашиглаж чадвал үүнийг (400 сая шоо метр усыг) 1.5-2 дахин бууруулах боломжтой” хэмээн мэдээлсэн юм. Тэд үүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо гэж тодотгосон бол зарим судлаач үүнийг няцаав.
Тухайлбал, “Монголын усны түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн, ШУТИС-ийн профессор Д.Басандорж “Монгол Улсын усны жилийн дундаж хэрэглээ 500 сая шоо метр байдаг. Усны газрынхны хэлж буйгаар бол монголчууд энэ хэрэглээнийхээ 60-70 хувийг мод тарихад зарцуулах болох нь. Ийм үндэслэлгүй, худал мэдээлэл түгээж болохгүй. Модыг хаана тарихаас хамаараад усалгаа нь харилцан адилгүй. Үүнийг харгалзах хэрэгтэй” гээд, дээрх тоо, баримт шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүйг хэлсэн юм. Тэрчлэн ой, усны салбарын судлаач, эрдэмтэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, эсэх нь усны нөөцтэй 100 хувь холбоотой, багагүй хэмжээний нөөц шаардлагатай, энэ асуудалд зайлшгүй анхаарах ёстой гэсэн нэгдмэл байр сууриа илэрхийлсээр байна.
Байгаль орчны байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт “Ойжуулалт ба усжуулалт” чуулган зохион байгуулж, тэрбум мод тарьж, ургуулахад шаардлагатай усны нөөцийг хэрхэн шийдэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Оролцогчид гадаргын усыг хуримтлуулах, хаягдлыг боловсруулан ашиглах буюу гүний нөөцөд халдалгүйгээр хэрэглээгээ шийдэх нь нэн тохиромжтой гэсэн санал дэвшүүлэв. Хэрэв нийт нөөцийн хоёрхон хувийг бүрдүүлдэг газрын доорх ус руугаа “гар дүрвэл”, хуримтлуулж, дахин ашиглахгүйгээр шууд гадарга дээрхээ ашиглаж эхэлбэл манай улсын усны аюулгүй байдал ганхаж, хомсдолд орж болзошгүйг ч цөөнгүй хүн анхааруулсан юм.
“Монголын байгаль орчны иргэний зөвлөл”-ийн тэргүүн, судлаач С.Амгаланбаатар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж байна. Үүнтэй зэрэгцээд олон газраас “Бидний тарьсан мод усгүйгээс болоод үхчихлээ” гэсэн мэдээлэл ирлээ. Мод ургуулахад гурван зүйлд анхаарах ёстой. Хамгийн чухал нь зөв усалгаа. Дараа нь хашиж хамгаалах. Гуравдугаарт, сэтгэл зүйн бэлтгэл буюу мод ургуулахад их хөдөлмөр, цаг хугацаа шаардлагатайг ухамсарлах явдал.
Мод ургах газартаа л ургадаг. Хүчээр услаад ургуулж болох ч зөв газраа тохиромжтой мод тарих нь усанд хэмнэлттэй. Цөлжилтийг сааруулъя гэвэл бутлаг ургамал тарих хэрэгтэй. Жишээлбэл, хамгийн бага усалгаа шаарддаг ургамал болох хармагийг говьд таривал илүү өгөөжтэй” гэсэн юм. Түүний хувьд тооцоо судалгаанд үндэслэж, бүс нутгийн онцлогт тохирсон зүйлүүдийг тарих нь ус хэмнэх нэг төрлийн арга гэдгийг онцлов. Харамсалтай нь, монголчууд яг одоо үүний эсрэг, хаа дуртай газраа, хэчнээн л бол хэчнээн мод “тарьж” байна.
Харин БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга ус ашиглалтад эргэлт хийх цаг нь болсон гэв. Тэрбээр “Бид уул уурхай, дэд бүтэц зэрэг бусад салбарын ач холбогдлыг чухалчилж ярьдаг атлаа энэ бүхний үндэс болсон байгаль орчны асуудлуудыг орхигдуулсаар ирсэн. УИХ-аас 2020 онд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль баталсан. Үүний хүрээнд 10 жилийн хугацаанд долоон зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Тэдгээрийн нэг нь байгаль орчны салбар, тэр дундаа усны нөөцийг хамгаалахтай холбоотой. Уул уурхай, дэд бүтэц, барилга, хот байгуулалтын салбарынхан өмнө нь бодлогоо тусдаа тодорхойлж, түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан бол одооноос бүгд байгаль орчин гэсэн нэгдсэн зорилгод зангидагдана.
Монгол Улсын гадаргын усны ашиглалт маш бага, гүнийх давамгайлдаг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлж буй энэ цаг үед усны хэрэглээнд эргэлт, шинэчлэл хийх хэрэгтэй. Наанадаж хур тунадас болон саарал ус ашиглаж сурах нь чухал. Цаашлаад ахуйн хэрэглээний хаягдал усыг дахин боловсруулж, хэрэглэх шийдлийг нэвтрүүлэх боломжтой” гэсэн бол Усны газрын усны аюулгүй байдал, хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Амарчулуун манай орны нөхцөлд хамгийн тохиромжтой нь дуслын усалгааны систем гэж онцоллоо. Олон тооны модыг ийм аргаар услахад хэмнэлттэй гэнэ. Тэрчлэн ойн салбарт шинэ технологи, инновац нэвтрүүлэх замаар гар ажиллагааг халж, усны үр ашиггүй зарцуулалтыг бууруулах боломжтой гэж үзэж байгаагаа хуваалцсан юм.
Эрдэмтэн, судлаачид ийм санал, байр суурьтай байна. Харин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлагч, хэрэгжүүлэгч байгууллагуудад ямар төлөвлөгөө буй бол. Тэд модны усалгааг хэрхэн шийдэхээр тооцоолж байна вэ. Үүнд хариулт авахаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ-нд хандлаа. Харамсалтай нь, одоогоор тодорхой зүйл алга. “Тэрбум мод” хөтөлбөр хэрэгжүүлэх үндэсний стратеги боловсруулах ажил ид үргэлжилж байгаа аж. Тус хөтөлбөрийг эцэслэн баталснаар усалгааг хэрхэн шийдэх асуудал тодорхой болно гэв. Гэхдээ стратеги төлөвлөгөөний зорилт дунд гол, мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг, шанд орчмыг ойжуулах замаар усны нөөцийг хамгаалах ажил багтсаныг (ийм газарт нийт 229.8 сая мод тарихаар төлөвлөсөн) БОАЖЯ-ны Ойн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн А.Цээпил хэлсэн юм.
Манай улс цөлжилт, бэлчээрийн доройтолд нэн хүчтэй өртөж буй. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа “Spaces” төслийн судалгааны багийнхан Монголын газар нутгийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжсөн тул бэлчээрийг зохистой ашиглах, мал сүргийн тоо толгойг бууруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарах сануулга өгсөн. Дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр жилд олон гол, горхи ширгэж, үгүй болсоор удлаа. Өнгөрсөн онд гэхэд 458, сүүлийн гурван жилд 2406 гол, горхи “алга болсон” гэсэн статистикийг Усны газраас танилцуулсан. Эдгээр таагүй, тоон үзүүлэлтүүд бидэнд балга усыг ч ариглан гамнаж, тохмын чинээ газрыг ч экологийн ул мөргүй байлгахын чухлыг сануулсаар. Энэ үүднээсээ Ерөнхийлөгч тэрбум мод тарих санаачилга гаргасан. Гэвч үүнийг тооцоо судалгаатай, нарийн зохион байгуулалттай хэрэгжүүлэхгүй бол өөр нэг баялгаа үгүй хийж мэдэх нь. Ой мод гүний усыг тэтгэдэг, эргэлтэд оруулдаг гээд ирээдүйн үр ашгийг нь тооцоолон, сая, саяар тарьц, суулгац тарьж байх зуурт тэдэнд чийг залгуулах аргагүй болох вий. Ингэвэл “Тэрбум мод” хөтөлбөр Монголыг аврах бус, экологийн сүйрэл рүү хөтөлнө.