БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарсны улмаас Замын-Үүдээр оруулж ирэх бараа эргэлт, чингэлгийн тоо хоёр дахин буураад байна. Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болдоос хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа.
-Хилээр нэвтрүүлэх ачаа барааны урсгалыг нэмэх ямар ажлыг зохион байгуулж байна вэ?
-БНХАУ-ын Эрээн хотод ковид илэрсэн учраас хатуу хөл хорио тогтоож, аж ахуйн нэгжүүд ажиллахгүй, иргэд гэрээсээ гарахгүй нөхцөл байдалтай байгаа. Хятадын дүрэм, журмын дагуу хатуу хөл хорио 21 хоног үргэлжлэх болов уу. Гэхдээ Эрээн хотын Шуурхай штабаас ирсэн бичиг дээр хугацаа заагаагүй байсан. Эрээн хотын баталгаат гаалийн талбайг тусгаарлалтын хэсэгт 200, ачилт, буулгалт хийдэг тусгаарлалтын бус хэсэгт чингэлэг рүү мөн 200, мөн тусгаарлалтын бүс дотроо манай улсын импортын 200 шинэ машин байна гэх мэдээлэл ирсэн. Эрээнээр манай улсын өргөн хэрэглээний барааны 80 хувийг оруулж ирдэг. Нэгдүгээр сараас хойш өдөрт 70-80 чингэлэг оруулж ирж байсан. Эдгээр дунд 10-15 хөргүүртэй чингэлгээр нарийн ногоо, жимс жимсгэнэ оруулж ирж байв. Зургадугаар сарын 2-наас хойш энэ нь үндсэндээ зогссон. Бидний хамгийн их анхаарч буй асуудал бол нарийн ногоог хөргүүртэй чингэлгээр оруулж ирэхээр Хятадын талтай ярилцаж байна. Эрээнд "Хао ган" хэмээх нарийн ногоо ачилт буулгалтын хувийн хэвшлийн терминалын компани бий. Энэ компанийн удирдлагатай ярьж, асуудлыг яаж эвтэй байдлаар шийдэх вэ хэмээн ярилцаж байна. "Хао ган" терминал дотроо 30 албан хаагчаа тусгаарласан юм билээ. Цаанаас Бээжин, Шань Дунаас ирэх нарийн ногоог тусгаарласан ажилтнуудаараа төлөвлөгөөний дагуу ачуулах хүсэлтийг Эрээн хотын Шуурхай штабт гаргасан гэсэн. Нааштай хариу өгөх болов уу хэмээн хүлээж байна. Эндээс бас албан ёсоор хүсэлтээ тавиад хүлээж байна. Одоо ачаа барааны эргэлт хоёр дахин буурсан. Өчигдөр 33, өнөөдөр 40 чингэлгийг хилийн О цэг дээр байршуулсан. Эрээний гаалийн баталгаат талбай дээр байгаа бүрдүүлэлт нь хийгээд дууссан 200 чингэлэг өнөөдөр, маргаашдаа орж ирэх байх. Гаалийн бүрдүүлэлт хийж амжаагүй 200 гаруй чингэлэгт яаж гаалийн бүрдүүлэлт хийх вэ, зохицуулалт хийж өгнө үү гэх хүсэлтийг мөн тавьсан. Энэ асуудал шийдэгдвэл хөл хорионы дэглэмийн хугацаанд өдөрт 20-30 чингэлэг Замын-Үүдээр оруулж ирэх болов уу.
-Монголын талын жолооч нараас ковидын сэжигтэй тохиолдол илэрсэн юм уу?
-Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн 149 тохиолдол бүртгэгдээд буй. Өчигдрийн тооноос даруй 100 гаар нэмэгдсэн. Шинж тэмдэггүй 48 тохиолдол ирсэн учраас Эрээний тал маш их болгоомжилж буй. Монголын жолооч нарын асуудлыг Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд хариуцдаг. Одоогоор Замын-Үүд талдаа жолооч нарыг тусгаарлаад зөвхөн хилийн чингэлэг солилцох 0 цэгийн талбайд үүрэг гүйцэтгэж байгаа.