“Хүнсний хангамж, аюулгүй байдал, хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болно. Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулж буй уг арга хэмжээтэй холбогдуулж хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг нийслэлийн төв талбайд өчигдөр нээсэн юм. ХХААХҮЯ, нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас зохион байгуулж буй, маргааш ч үргэлжлэх уг үзэсгэлэнд анхаарал татах, амсаж үзмээр зүйл их байв. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний үндэсний брэнд үүсгэх, дэлхийд гаргах зорилттой “Акация” групп “Угалз” брэндийн айраг танилцуулж, худалдаж байлаа. Намрын айргийг зохих температурт хадгалж өдгөө гаргаж иржээ. Хөлдөөхөд айраг чанараа алддаг гэнэ.
Бүхэл үрийн, хөх тарианы, хошуу будааны гурил үйлдвэрлэлийн “Ерэн цагаан” брэндийнхэн эрүүл мэнддээ цаг гаргаж, идэх хүнсээ зөв сонгохыг уриалж байлаа. Тэнд 100-гаад асар харагдсан. “Талх чихэр”-ээс авхуулаад түүх, туршлага арвин олон компани нэрийн, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.
Холын хүнээс үг сонс гэдэг. “Алтайн брэнд” хэмээх нэрийн хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн танилцуулж буй “Электрон Алтай” компанийн захирал Д.Өлзий-Оршихтой уулзаж мэдээлэл авлаа. Эднийх 2010 оноос хойш Алтай нутгийнхны үйлдвэрлэдэг суль, цулхирын гурил, “Бигэр” дарс, виски, чацарганы тос гээд хүнсний янзбүрийн бүтээгдэхүүнийг нэг цэгээс олон нийтэд таниулах үйл ажиллагаа явуулж иржээ. Аймагтаа дэлгүүр нээсний сацуу нийслэлд болдог Намрын ногоон өдрүүд, Цагаан сард зориулсан зэрэг үзэсгэлэн худалдаанд жил бүр оролцдог уламжлалтай аж. Бусдын үйлдвэрлэснийг хэрэглэгчдэд хүргэж байхаас гадна өөрсдийн нэрийн бараатай болъё гээд Тайшир сумын Хуримт багт тариа тарьж эхэлсэн гэнэ. Хөхморьт сумын нутаг, Их Монгол элсэнд ургадаг суль, цулхирын үрийг түүж, уламжлалт аргаар боловсруулан төрөл бүрийн бүтээгдэхүүн хийдэг болжээ. Хамгийн сүүлд буюу хөл хорионы үеэр найрлагад нь суль, цулхир болон арвайн гурил багтаасан “Баян-Алтай” цай бий болгожээ. Цулхир нь уургийн агууламж өндөртэй тул элэг, цөс, бөөр, давсагны үрэвслийг анагаах чадвар бүхий ургамал гэдгийг эрдэмтэд тогтоосныг үндэслэн орц, найрлагыг өөрөө тогтоожээ. Өөрөөр хэлбэл технологи боловсруулсан аж. Орондоо шээдэг бага насны хүүхдэд уулгаж илааршуулдаг байсан эмчилгээний уламжлалт аргыг ч бодолцон технологийг нь гаргасан хэмээн тэрбээр тайлбарлав. Хар гурил гэж ярьдаг суль нь мэдрэлийн ядаргаа, нойргүйдэлд сайн, цус төлжүүлэх үйлчилгээтэй гэдгийг уламжлалт анагаах ухаанаар нотолсныг үндэслэн “Сулийн гурил” хэмээх бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Үүнийг цай болон шөлөнд самарч уудаг юм байна.
Энэ мэтчилэн дурдаад байвал сонирхол татах, эрүүл мэндэд ч тустай хүнсний олон төрлийн бүтээгдэхүүн байна.