Жил бүрийн зургадугаар сарын 1-нд Төв талбай хүүхдүүдээр дүүрч, багачууд амттанд бялуурч өнждөг. Бид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг эрх, ашгийнх нь төлөө дуугарах, гарц шийдэл олох, дорвитой арга хэмжээ зохион байгуулахаас илүү, чихрээр хуураад өнгөрдөг нь нууц биш. Гэтэл хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн тохиолдол тэр дундаа бэлгийн хүчирхийлэл, эцэг, эхийн хараа хяналт сулаас болж багачууд эндэх, осолдох, гэмт хэргийн хохирогч болох явдал буурахгүй байгааг цагдаагийн байгууллагынхан хэлж байна. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж буй аж. 2009 онд 147 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болсон бол үүнээс арван жилийн дараа буюу 2019 онд энэ тоо 253 болж нэмэгджээ. 2021 онд улсын хэмжээнд хүчиндэх гэмт хэргийн 439 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний багагүй хувьд нь насанд хүрээгүй хүүхэд хохирогч болжээ.
Хүчиндэх гэмт хэргийн золиос болсон охид хүсээгүй хүүхдээ төрүүлж, насанд хүрээгүй байхдаа ээж болсон тохиолдол цөөнгүй. Жилд өсвөр насны 4000 орчим охин нярайлж, 70 хувь нь өрх толгойлсон ээж болдог гэх мэдээллийг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан хэлдэг. Энэ бол их тоо. Гэтэл үүний цаана үр хөндүүлсэн охид хэд байгааг хэлэх боломжгүй. Нөгөөтээгүүр хүчирхийллийн золиос болсон ч хүүхдээ төрүүлж, өсгөж, зүтгэж, зүдэрч яваа охидыг буруутгах аргагүй. Бусдын эрхшээлд орсон охидыг буруутан мэт нийгмээрээ ад үздэг учраас тэд сүүдэрт нуугдаж амьдардаг. Манай улс хууль, эрх зүйн орчиндоо ч насанд хүрээгүй хохирогчийг дахин хохироохгүй байх, сэтгэл зүйн дэмжлэг тусламж үзүүлэх тал дээр маруухан. Ихэнхдээ гэмт этгээдүүд хохирогчийг айлган сүрдүүлж, дарамталснаар бусдаас тусламж авах боломжийг нь хааж, бусармаг үйлдлээ нууж чаддаг. Харин 14 настайдаа ахынхаа найзад хүчиндүүлж, хүү төрүүлсэн тухайгаа нэгэн охин олон нийтэд ил болгосноор хохирогчдын дуу хоолойг нийгэмд хүргэж чадсан юм. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 26-нд хохирогч охины ахын найз гэх залуу орон нутгаас гэрт нь ирж хонохдоо түүнийг хүчирхийлж, хүүхэдтэй болгожээ. Охин ихэд айж эмээсэн учраас энэ тухайгаа ээждээ болон цагдаа нарт хэлж чадаагүй явсаар амаржихаас өөр аргагүйд хүрсэн байна. Хүч тамиртай эрэгтэй хүн сул дорой охидыг яаж өөрийн эрхшээлд оруулдгийг, тэдний амьдралыг орвонгоор эргүүлэх аюултайг сэрэмжлүүлж ярьсан нь олон нийтэд хүрсэн. Уг ярилцлага хүчирхийлэгч залуугийн чихэнд хүрснээр өөрийн амийг хорлоход хүргэсэн гэдэг. Энэ бол бодит жишээ. Эхийг нь бузарлаад эцэст нь өөрийгөө егүүтгэсэн эцгийнхээ тухай хүү том болоод сонсвол яах вэ. Гэмгүй бяцхан үрсийг гэмтэн мэт болгож, амьдралд нь арилшгүй толбо үлдээсэн ийм явдал гарсаар, гаарсаар байгаа нь эмгэнэлтэй. Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгасан ч шүүх, цагдаагийн байгууллагаар шийдүүлэхгүй, далд хэлбэрт үйлдсээр байна. Үүнд тухайн газар нутгийг хариуцаж буй сум, хорооны ажилтнууд, хүүхэд хамгааллын хамтарсан багийнхны үүрэг оролцоо чухал болохыг Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах онцолсон.
ЭЦЭГ, ЭХИЙН ХАРИУЦЛАГАГҮЙН ТӨЛӨӨС НЬ БАГАЧУУД БАЙХ УЧИРГҮЙ
Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн зуны амралт эхлэхээр багачууд, хүүхдүүдтэй холбоотой осол гэмтэл, хэрэг зөрчил нэмэгддэг. Ахуйн ослоос эхлээд, усанд эндэх, ууланд төөрөх, хулгай дээрмийн хэрэгт холбогдох, бэлгийн хүчирхийлэлд өртөх, хохирох гээд эцэг, эхийн анхаарал, сэрэмжээс хамаарах хэрэг ихэсдэг талаар мэргэжлийн байгууллагынхан анхааруулдаг билээ. Энэ оны эхний таван сарын байдлаар гэхэд хүүхэд холбогдсон зам, тээврийн ослын 283 тохиолдол ТЦА-нд бүртгэгдсэн байна. Амралт зугаалгын улиралд хүмүүс ихэвчлэн гэр бүлээрээ орон нутгийг зорьдог. Ингэхдээ эцэг, эхчүүд архидан согтуурсан үедээ жолоо барьж осол гаргаж, эсвэл голын эрэгт наргиж, цэнгэж суухдаа анхаарал суларч, үрсээ усанд алдсан харамсалтай тохиолдол цөөнгүй гардаг. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумд долоон сартай хүүхэд гэрийнх нь ойролцоо аргамжаатай байсан моринд өшиглүүлж хорвоог орхижээ. Тухайн үед эцэг, эх нь хүүхдээ анзаараагүй байсан бөгөөд эмнэлэгт яаралтай хүргэсэн ч амьсгал хураасан гэнэ. Энэ мэт нэг талаас золгүй явдал боловч нөгөөтээгүүр эцэг, эх, асран хамгаалагчдын асаргаа, сувилгаа, анхаарал халамжаас шууд шалтгаалах ослоор олон хүүхэд эндсээр байна. Ахуйн осолд гэхэд 0-4 насныхан хамгийн их өртдөг буюу нийт тохиолдлын 15.4 хувийг эзэлж байна. Үүнээс гадна хүүхдийн өвчлөл нэмэгдэж, эмнэлгүүд байнга ачаалалтай ажиллах болсон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд коронавирусийн улмаас халдварт өвчний тохиолдол хүүхдүүдийн дунд өсжээ. Сүрьеэгээр гэхэд 2018 онд 293 хүүхэд өвдсөн бол 2021 онд 317 болж нэмэгдсэн байна. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгааг эмч, мэргэжилтнүүд хэлэв. Мөн монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хавдраар ч хүүхдүүд өвчилж байна. Тодруулбал, манай улсад 2021 онд 0-19 насны 115 хүүхэд хорт хавдартай нь оношлогджээ. Харин ийм насны 55 хүүхэд эл өвчний улмаас нас барсан байна. Түүнчлэн мэндэлж ч амжилгүй эхийнхээ хэвлийд амь тавьсан нь ч олон. Жилд 12 000 орчим эмэгтэй үр хөндүүлдэг тухай Эрүүл мэнд хөгжлийн төвөөс гаргасан тайланд дурджээ. Хүүхдийн эрхийг ээжийнх нь хэвлийд байхаас л хамгаалах хэрэгтэй гэж зарим мэргэжилтэн үздэг. Ирээдүй болсон үрс минь ийм л нийгэмд амьдарч байна.
ХҮҮХДИЙН АСУУДАЛД МЭДРЭМЖТЭЙ ХАНДЪЯ
Хүүхэд гэхээр хүн биш мэт хүндэтгэлгүй, мэдрэмжгүй ханддаг тохиолдол цөөнгүй. Наад зах нь нийтийн тээврийн автобусанд хүүхдүүдийг суудал тавьж өгсөнгүй гэж адалдаг. Бүр зургийг нь аваад “Энэ лав ээжгүй хүүхэд байх. Ээж шигээ настай хүнд суудал тавьж өгсөнгүй” гэж бүдүүлэг авирласан байв. Хүүхдийн эрхэд халдаж буйгаа ч мэдэхгүй дураараа авирладаг хүн олон. Баяр наадмын үеэр ядарсан айлын хүүхдүүдэд бэлэг тарааснаа олон нийтийн сүлжээгээр зурагтай нь цацаж шоуддаг явдал манайд бүр уламжлал болсон. Хүүхдийн асуудалд мэдрэмжгүй хандаж буйн нэг тод жишээ нь “охидын үзлэг” гэх арга хэмжээ. Энэ нь хүний эрх, хүүхдийн эрхийг зөрчиж буй тухай Жендерийн үндэсний шинжээчдийн бүлгийн зүгээс үзэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм. Тодруулбал, уг арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Монгол Улсын нэгдэн орсон хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах НҮБ-ын гэрээ, конвенцуудыг зөрчиж байгаа талаар дүгнэлт гаргажээ. Гэвч зарим, аймаг, сум, дүүрэгт ерөнхий боловсролын сургуулийн охидыг нийтээр хамруулан зохион байгуулж буй охидын үзлэг нь эцэг эх, асран хамгаалагч, өөрийнх нь зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн болон нууцлалын шаардлага хангахгүй орчин нөхцөлд болдог талаар ХЭҮК-т удаа дараа гомдол ирж байжээ. Эл үзлэгийг нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаагаас үүдэн өсвөр насныхны эрүүл мэндийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөж, сургууль болон гэр бүлийнхээ орчинд гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтад өртдөг байна. ДЭМБ-аас “Дэлхийн 20 гаруй оронд охидын үзлэг зохион байгуулдаг нь эрүүл мэндийн хувьд шаардлагагүй, ихэнхдээ өвтгөсөн, доромжилсон, сэтгэл зүйн гэмтэл учруулсан үйлдэл бөгөөд үүнийг зогсоох ёстой” гэж уриалсан. Энэ үзлэг нь “нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” гэж ойлгогдох бус, харин “бэлгийн харилцаанд орсон, эсэх, жирэмсэн, эсэхийг тогтоох зорилготой үзлэг гэж ойлгогдох болсон тул цаашид хэрэглэхээс татгалзах нь зүйтэй хэмээн Жендерийн үндэсний шинжээчдийн бүлгийн зүгээс үзэж байгаа юм. Энэ бол зөвхөн охидын эрүүл мэндийн асуудал бус, хөвгүүдэд ч хамаатай. Тиймээс хүүхдийн эрүүл мэнд, тэр дундаа нөхөн үржихүйн асуудалд мэдрэмжтэй хандах шаардлага зүй ёсных юм.