Ажил, гэрийн хооронд алхахдаа Гандантэгчэнлин хийдийн хашаагаар дайрч өнгөрдөг бөгөөд тэр хавьд сүрэглэж явдаг архичид сүүлийн үед улам олширсоор байна. Сүүлийн нэг сар гаруй хугацаанд хийдийн хашаан дотор, хүмүүсээс зайдуу нэгэн эмэгтэй суудаг болсныг анзаарлаа. Гандсан цүнх үүрч, эв хавгүй хувцаслан, хүзүүндээ том эрх зүүсэн тэрбээр хуванцар савтай цэвэр ус уухдаа ярвайсхийн, бага багаар балгах нь ус биш, архи юм байна лээ. Өнгөрсөн баасан гарагт түүнтэй дахин таарахдаа, яриа өдөн, юу хийдэг, хаанаас ирснийг нь асуусан юм. Бидний нэрлэж заншсанаар Долоон буудлын эцэст 8-16 насны гурван охинтойгоо амьдардаг гэнэ. Нөхөр нь архи уудаг байсан тул салсан юм байна. Хагас жилийн өмнө аав болон охин дүү нь нас баржээ. Цар тахлын эмгэгээс шалтгаалсан уу, гэнэт л шахам тэднийх нь бие муудан, хоёр сарын дотор уван цуван оджээ. Тиймээс сэтгэл санааны хямралд орж ийшээ ирж бурханд мөргөн, хүрд эргүүлэх нь олширсон аж. Мөн сэтгэл нь тавгүйрхээд байгаагаас хааяа архи уудгаа ч нуусангүй. Тэрбээр “Барилгын засал чимэглэлийн ажил хийн өдөрт 60 000-80 000 төгрөгийн хөлс авдаг. Гэхдээ ажил тогтмол олдохгүй юм. Ажилгүй үедээ энд ирдэг болсон. Архиа бариад уувал “нутгийн индианууд” ирж шалаад байдаг. Тиймээс усны сав руу хийдэг” гэж ярив. Охидоо хэрхэн харж хандаж буйг нь лавлахад “Хүүхдийн мөнгө дансанд нь ордог. Том охин дүү нараа харж сурсан. Би ажил төрөл хайгаад өглөө гараад л явдаг” хэмээн хайхрамж муутай хэлж байх юм. Хагацал зовлон туулж, хал үзэж яваа тэр эмэгтэй одоогоор архинд тэгтлээ орчихоогүй ч “замаа засан”, Гандантэгчэнлин хавиар “сүрэглэн” явдаг нөхдийг бараадаж байгаа нь илт. “Том охин дүү нараа харж сурсан, би ажил хайгаад өглөө гардаг” гэж хэлснийг нь бодохуйяа даанч эмгэнэлтэй. Түүний хэлснээр том нь 16-тай, жаалхан охин. Ээж нь сэтгэлээр унан, тайтгарах зорилгоор нэг гараараа хүрд эргүүлж, нөгөө гараараа архины бөглөө мулталж байхад хүүхдүүд нь юу хийж, ямар зовлон мэдэрч буй бол, хэрхэн өсөх бол.
Уржигдар 09.00 цагийн үед мөн л Гандантэгчэнлингийн орчимд айлын хашаа налан гурван эрэгтэй, нэг эмэгтэй сууж байв. Өмнөө тавьсан гялгар торыг нэг залуу нь уудлан, савтай цэвэр усны шавхруу гаргаж ирээд ам руугаа хөнтөрлөө. Нөгөөх эр нь бас л тороо онгичин ямар нэгэн юм хайгаад олсонгүй бололтой, ярвайсхийн гараа татав. Хир даг болсон хувцастай, харлаж хүрэнтсэн царайтай, өвчин зовлон, уй гуниг нэрвэсэн үү гэмээр сүүмийсэн харцтай дөрөв бол нөгөө л “бөбө”-чид. Зөрөн өнгөрөх хүмүүс рүү хайхрамжгүй харангаа залуу, бүсгүй хоёр ийн ярив.
-Надад 750 төгрөг байна. Өчигдөр Ганаагаас авсан 4000-аас үлдсэн.
-Овоо жоортой хүүхэн шүү. Одоо тэгээд яах вэ?
-Мэдэхгүй, эр улс байж нэг юм бодооч дээ
-Рагчаа ахаас 1000 төгрөгийн авлагатай, одоо хүрээд ирэх ёстой
-Ирэхгүй л дээ хэмээн ярилцах нь архины мөнгө олох санаатай, хэн нэгнийг хүлээн суугаа байдал. Тэд бол барагцаалбал 30-40-тэй идэр насны улс. Бүсгүй нь хүүхдийнх гэмээр ягаан резинээр үсээ боосон нь охинтой байж магадгүйг “хэлнэ”. Улмаар хажуу талынхаа эр лүү сүрхий налан суусан нь нэг гэр бүлийнхэн байх ч талтай. 30 гаруй насныхан гэвэл ардаа амьдрал ахуй, үр хүүхэдтэй ч биз. Харин ийн тэнээд яваа эцэг, эхийн хүүхдүүд хэрхэн аж төрөн суугаа бол.
Тэдний хажуугаар өнгөрөөд 200 метр ч явж амжаагүй байтал хүнсний дэлгүүрийн гадна хижээл насны хоёр эр бөөвийн зогсоно. Нэрийг нь У, Б гэдэг. У залуудаа цэргийн ангид жолооч хийж байсан, Яармагт амьдардаг аж. Харин Б Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаанд амьдардаг бөгөөд мужааны мэргэжил эзэмшсэн гэсэн. Өглөө эрт ийшээ яаран ирсэн нь “нөхөд”-тэйгөө нийлж, ямар нэгэн аргаар мөнгө олж шараа тайлах гэснийх. Тэр хоёр нас ойролцоо буюу 52, 53-тай. Одоо бол харуул хамгаалалтын нэгэн компанид цуг ажилладаг. Гэхдээ ажил нь тогтмол биш, гэрээт хамгаалалтын алба учраас энд, тэнд дуудсан үед очдог аж. Нэг өдөр ажиллавал хоёр өдөр амрах хуваарьтай. Харин амарсан өдрүүдээ ийн архи дарс эргүүлж хэвшсэн янзтай. Уг нь нэг гарааны хөлс нь 70 000 төгрөг бөгөөд сард 6-8 хоног ажиллаад 400 000-500 000 төгрөгийн цалин авдаг гэнэ. Хоёулаа гэр, хашаатай учраас түрээсийн төлбөр төлдөггүй. Ийн архинд дурлаж яваа нь бас шалтгаантай гэнэ. У-гийн эхнэр ааш муутай нэгэн байснаас амьдрал нь бүтэлгүйтэж, салсан юм байна. Ганц охиныг нь уулзуулж байгаагүйгээс 7-8 жилийн өмнөөс архи уух болжээ. Харин Б-гийн ээж бурхан болж, мөн л гэргий нь хаяснаас ийн амьдарч эхэлсэн гэсэн. У-гийн хэлэх нь “Архи уун, хэсүүчлэх хүмүүсийн дунд залуус олон боллоо. Эмэгтэйчүүд ч цөөнгүй бий. Залуус нь ажил хийх сонирхолгүй, бид хоёр шиг хааяа манаа хийх ажлын байр ч байхгүй. Манай үеийнхэн бол хийдгээ хийсэн. Одоо эрүүл саруул шиг байж байгаад тэтгэвэрт гарах нь зөв. Хэрэв тэтгэвэр авдаг болчихвол санаа амар байх сан” гэсэн юм. Дөнгөж 50 насны босго даваад бид хийдгээ хийсэн хэмээн ярьж суугаа хоёр эр болбоос архинд нэгэнт донтсон төрхтэй. Мөн харуул хамгаалалтын албанд ажилладаг гэсэн ч хуудуутай санагдсан ба эхнэр, хүүхдэдээ хаягдан, ээж, аав нь бурхан болсон гэсэн нийтлэг зовлонтой.
“Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо шигүү барьсан олон барилга бий. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор тэдгээрийн булан тохой, шат, үүд орчимд цөөнгүй хүн хо ноглодог болжээ. Мэдээж архи уун, тэнэж хэсэж яваа л улс. Тэдний хэн нь ч ийн архинд толгойгоо мэдүүлснийгээ гэр бүлийнхнээс нь нас барсан, эсвэл эхнэр, нөхөртөө хаягдан, өнчрөл хагацал үзсэн гэх вий. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн зовлон гачаал нүүрлэсэн болохоор архинд донтсон байх нь олонтоо. Гэтэл зовлон үзээгүй, шаналал амсаагүй хүн энэ хорвоод бий гэж үү. Архи уун дэмий сэлгүүцэн, ганц олдох амьдралаа үрэн таран хийж буй улс бол бодлогогүй, залхуу, хувиа хичээгчид юм. Өөрөөр хэлбэл, архи уух амархан, амьдрахын тулд тэмцэх, ажиллаж хөдөлмөрлөх тэдэнд хэцүү. Хэцүү бэрхээс халшран, цагаа нөхцөөн, ойр дотныхныхоо үхэл хагацлаар түрээ барьж архидан суугаа хүмүүс хэчнээн олон бэ. Дээр дурдсанаар ажил, гэрийн хооронд хоёр км орчим явахад л барагцаалбал 50-иад “бөбөчин” таарсан нь харамсалтай.
Хамгийн сүүлд 2019 онд хийсэн судалгаагаар манай улсын хүн амын дунд зонхилон тохиолддог эмгэгт архинд донтох багтжээ. Тодруулбал, насанд хүрэгчдийн дунд архинд донтох эмгэг 6.2 хувьтай буюу 93 000 орчим хүн эмгэгтэй байсныг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн гаргасан аж. Улмаар насанд хүрсэн эрчүүдийн бараг 50 хувь нь архины хэтрүүлэн хэрэглээтэй болсон гэнэ. Ер нь архинд донтох эмгэг нь олон төрлийн өвчинд нэрвэгдэх шалтгаан нөхцөл. Тухайлбал, зүрх судасны эмгэг, хорт хавдар зэрэг 60 гаруй өвчин, осол гэмтлийн шалтгаан болж буй аж. Олон улсад архидалттай янз бүрийн аргаар тэмцэж ирсэн ч аль нь илүү үр дүнтэй гэсэн дорвитой мэдээлэл алга. Ямартай ч улс орон хөгжин, эдийн засгийн бүтээмж өсөн, иргэдийн амьжиргаа сайжрахын хэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь буурч, нийт хүн амд эзлэх архинаас хамааралтай иргэдийн тоо багассан жишээ олон. Харин иргэд дор бүрнээ ухамсартай байж, архинаас аль болох татгалзах, өөрийн бие, сэтгэлийн эрүүл мэнддээ эзэн болж, хариуцлагатай амьдрахад анхаарах нь зүйтэй.