“Төсвийн шинэчлэл-2022”-ын хүрээнд БШУЯ-ны удирдлага орон нутагт ажиллаж буй. Амрамлтын өдрүүдэд БШУЯ-ныхан Завхан, Дархан-Уул аймагт ажиллажээ. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, төсвийн шинэчлэлийн бодлогыг танилцуулж, сургалт зохион байгуулав. Сургалтад 260 гаруй төлөөлөл оролцлоо. Завхан аймгийн тухайд төрийн өмчийн 38, төрийн бус өмчийн 3 цэцэрлэгт нийт 5288 хүүхэд хамрагдаж байна. Энэ нь сургуулийн өмнөх хамран сургалт 85 хувьтай байгаа гэсэн үг.
Харин ерөнхий боловсролын 29, СУИС-ийн харьяа хөгжим бүжгийн нэг коллежид нийт 15767 суралцагч суралцаж байна. Сургуульд хамрагдалт 95 хувьтай байгаа юм. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд нийт 2407 багш, ажилтнууд ажиллаж байна. Боловсролын төсвийн шинэчлэлийн хүрээнд Завхан аймгийн багш, ажилтан, эцэг эхчүүдийн хяналтын оролцоо нэмэгдэж буй. Цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад төсвийн хагас бие даасан эрх мэдлийг олгож, үүнийхээ дагуу хариуцлагын тогтолцоог бий болгосон. Аймгийн удирдлагын зүгээс боловсролын салбарт хэрэгжүүлж буй “Чадварлаг багш”, “Үдийн хоол”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр” арга хэмжээнд орон нутгийн төсвөөс 687 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Завхан аймагт ажиллах үеэрээ МУИС-ийн Завхан сургууль, Политехник коллежоор орлоо. Орон нутгийн их, дээд сургууль, Политехник коллеж аймгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, 6 их сургуультай хамтран ажиллах, залууст ээлтэй орчныг бүрдүүлэх, менежментээ өөрчлөх зэрэг санал санаачилгуудыг гарган ажиллах хэрэгтэйг дэд сайд хэллээ.
Мөн Дархан-Уул аймгийн 250 гаруй багш, ажилтнуудтай уулзаж, сургалт хийсэн байна. Сургалтаар Боловсролын салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, Багш нарын цалин хөлс, хувьсах зардал, Хичээл практикийн зардал, Эрүүл мэндийн үйлчилгээ, Дата багц зэрэг мэдээллийг өгсөн байна.
Дархан-Уул аймагт 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургууль, насан туршийн боловсролын 1 төв, 39 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Дархан-Уул аймаг “Боловсрол-2032” хөтөлбөр “Оюунлаг Дархан” дэд хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” хөгжүүлэх хүрээнд үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж байна.