Өчигдөр Их Британид хатан хаан II Элизаветагийн хаан сэнтийд заларсны цагаан алтан ойн баяр эхэлжээ.
Баяр ёслолын гол үйл ажиллагаа уламжлал ёсоор Букингемийн ордны өмнө Эрхэмсэг хатан хаанд хүндэтгэл үзүүлэх парадаар эхлэв. Парадад хатан хааны Зэвсэгт хүчний ангиудын 1400 цэргийн алба хаагч (мөн 200 морь), 400 хөгжимчин оролцжээ. Дараа нь Хатан хааны агаарын цэргийн хүчний 70 орчим нисэх онгоц оролцсон агаарын шоу болсон бөгөөд онгоцууд Хойд тэнгисийн тэнгэрт цуглараад тэндээсээ нийслэлийг чиглэн Букингемийн ордны дээгүүр ниссэн байна.
Тус улсын хаант засаглалын түүхэн дэх анхны Цагаан алтан ой буюу Хатан хаан II Элизабетийн хаанчлалын 70 жилийн ойг тэмдэглэхээр Их Британи даяар болон Хамтын нөхөрлөлийн 54 нийслэлд 3500 гаруй дохионы гэрэл асааж, сая сая хүн гудамжинд гарч жагсаж байна.
Энэхүү баяр дөрөв хоног үргэлжилж 200 гаруй арга хэмжээ зохон байгуулах юм байна. Тухайлбал, гудамжны үдэшлэгийн тоо гэхэд л 16 мянгад хүрэх бөгөөд 12 сая хүн оролцох төлөвтэй байна гэж Орон нутгийн захиргааны холбооноос мэдээлжээ. Баярын үйл ажиллагааг зохион байгуулагчид мэдэгдэхдээ, тэд телевизээр 1 тэрбум үзэгчийг татна гэсэн байна.
II Элизавет явж хөдлөх нь хүндрэлтэй болсон учир олон нийтийн өмнө гарахаас татгалзахад хүргэсэн ч 96 настай хатан хаан Букингемийн ордны тагтан дээр хааны гэр бүлийн бусад гишүүдийн хамт парад, агаарын шоуг үзэхээр гарч иржээ.
“Надад үзүүлж буй та бүхний сайхан сэтгэлээр урам зориг авсан хэвээр байгаа бөгөөд энэ өдрүүдэд бид өнгөрсөн 70 жилийн ололт амжилтыг үнэлэхийн сацуу ирээдүйдээ итгэлтэй, урам зоригтойгоор харж чадна гэдэгт найдаж байна" хэмээн Хатан хаан ард түмэндээ хандан хэлжээ.
Цагаан алтан ой бол Британийн хааны гэр бүлийн түүхэн дэх онцгой үйл явдал юм. Их Британийн хаадын хэн нь ч ийм удаан буюу 70 жил төр барьж байгаагүй юм. Харьцуулбал, II Элизабет өмнөх дөрвөн хаадыг нийлүүлснээс ч илүү удаан хаан ширээнд сууж байгаа аж. Энэ хугацаанд Их Британийн 14 Ерөнхий сайд, АНУ-ын 14 Ерөнхийлөгч солигдсон байна.