2006-2009 онд гэр бүлээ цуцлуулах хүний тоо огцом нэмэгджээ. 2000-аад оны үед 800 байсан нь эдгээр жилд 1448, 1757, 1901, 2399 гэхчлэн өссөн аж. Албаны хүмүүс, гэр бүл судлаачид үүнийг сонгуулийн амлалт, халамжийн бодлоготой холбон тайлбарлаж байв. Тодруулбал, шинээр гэрлэсэн хосод 500 мянган төгрөг олгох шийдвэртэй холбоотойгоор олон хүн хамтын амьдрал эхлүүлсэн бөгөөд мөн тэр хэрээр салалт ихэссэн гэж дүгнэсэн билээ. Гэр бүл салалт дэндүү олширлоо, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөллөө хэмээн монголчууд тухайн үед сүр бадрааж, дуулиан шуугиан болж байсныг зарим уншигч санаж буй нь лавтай. Харин өдгөө энэ үзүүлэлт жинхэнээсээ сүр бадраах хэмжээнд хүрчээ. 2006 оны үед өдөрт дунджаар дөрвөн гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг байсан бол өдгөө 11-12 болов.
2016 онд 4003, 2017 онд 3945, 2018 онд 4201, 2019 онд 4262 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ тоо 2020 онд 3316, 2021 онд 3391 болж буурсан нь цар тахлын нөхцөл байдалтай шууд холбоотой гэдгийг албаны хүмүүс дурдсан. Эндээс дүгнэхэд, манай улсад жилд дунджаар 4000-аас дээш тооны хос гэрлэлтээ цуцлуулж байна. Нэг зүйлийг онцлоход, энэ нь зөвхөн хуулийн дагуу, албан ёсоор салсан гэр бүлийн тоо. Гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байгаад хоёр тийш болсон хос үүний цаана өч төчнөөн бий. Эдгээрийг нэгтгэвэл сүрдмээр “том” тоо гарах нь дамжиггүй.
“Хүн амын өсөлтөөс шалтгаалаад салалт нэмэгдэх нь тодорхой” гэх үндэслэлийг зарим хүн дэвшүүлдэг. Мэдээж тийм. Тодорхой хэмжээнд нөлөөлж буй. Гэхдээ энэ нь улсын нийт хүн ам, гэр бүлийн тоотой харьцуулахад, манайхаас олон иргэнтэй зарим оронтой жишихэд ч харьцангуй өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа нь асуудлын гол юм. Өөрөөр хэлбэл, манай улсад гэр бүлийн тогтвортой байдал гэдэг зүйл алдагджээ. Судлаачид үүнийг санхүүгийн асуудал, хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй байдал, шилжилт хөдөлгөөн, архидалт, хардалт, муу зуршил, гэр бүлээс гадуурх харилцаа, хүчирхийлэл, төрөл садан, ойр дотнын хүмүүсийн оролцоо зэрэг олон хүчин зүйлтэй холбож тайлбарладаг. Үүнийг үгүйсгэх аргагүй. Салалтын цаана олон учир шалтгаан бий. Харин эдгээрийг (бүгдийг биш юм гэхэд заримыг нь) гэрлэлт цуцлуулах шалтгаан болгохгүй, үр хүүхдээ сэтгэлийн зовлонд унагаахгүй, эцэг, эхийн хайр халамжаар дутаахгүй өсгөх боломж, сонголт байгаа. Тэр нь гэр бүл төлөвлөлт юм. Залуус хэзээ гэрлэхээ, хэдийд хүүхэдтэй болохоо төлөвлөж, бие биенээ таних цаг хугацаа олгож, тохиромжтой үед оновчтой сонголт хийх нь гэр бүл салах эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулах нь гарцаагүй.
Гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн боловсрол гэдэг зүйлд улс нийтээрээ анхаарах цаг болжээ. Иргэдэд энэ чиглэлийн боловсролыг багаас нь олговол төдий хэрээр үр дүнтэй. Ялангуяа гэрлэлт залуужсан өнөө цагт хүүхэд, залууст ийм ойлголт, мэдлэгийг эрт түгээх зайлшгүй шаардлагатай байна. Цаашлаад хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага ч тулгарч буй. Манай улсад өдгөө мөрддөг Гэр бүлийн тухай хууль хэт хуучинсаг, гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг бүрэн, тодорхой тусгаагүй, хамтран амьдрагчид (гэрлэлт батлуулалгүй)-ын хоорондын харилцааг зохицуулах чадамжгүй гэсэн шүүмжлэл дагуулдаг.
Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ манай сонинд өгсөн ярилцлагадаа “Гэр бүлийн тухай хуулиар эцэг, эх болсон хүмүүс нэгнийхээ болон хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ хариуцлагаа хүлээгээгүй бол яах вэ гэсэн заалт хуульд байхгүй. Үүнээс болоод асран хамгаалагчдад хариуцлага тооцох асуудал тодорхой бус. Хосууд салсан ч хүүхэд эцэг, эхийнхээ хайр халамж, анхаарлаас ангид байх ёсгүй. Эцэг, эхийн насан туршийн үүрэг, хариуцлагыг хуульчлах хэрэгтэй” гэж онцолсон юм. Энэ бол тус хууль дахь том “цоорхой”. Гэр бүлийн тухай хуулийг цаг үеийн хэрэгцээ шаардлага, монгол гэр бүлийн онцлог, амьдралын хэв маягт тохируулан өөрчилж, шинэчлэх асуудал хэдэн он дамжин яригдаж, олон Засгийн газрын нүүр үзэж буй ч бахь байдгаараа, сулбагар хэвээр байна. 2019 онд гэхэд ХНХЯ-ныхан эл хуулийн төслийг хариуцан ажиллаж, салбарын сайд нь танилцуулан, холбогдох байнгын хороо дэмжсэн ч ХЗДХЯ татаж авсан нэрийдлээр тэгсхийгээд замхруулсан юм даг. Өдгөө гэхэд ХЗДХЯ-ныхан үүн дээр ажиллаж байгаа гэх мэдээлэл бий ч баттай, эсэх нь, хэзээ хэлэлцүүлж, хэдийд шинэчлэн батлах нь мөн л тодорхойгүй.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэд хоногийн өмнө өргөн барилаа. Хүүхдийн тэтгэмж төлөх эцэг, эхийн данснаас мөнгөн төлбөрийг шууд татдаг болгох, тэтгэмжийн хэмжээг орлогын 50 хувиас доошгүй байхаар тогтоох, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох зэргийг үүнд тусгажээ. Үндсэндээ Гэр бүлийн тухай хууль дахь хүүхдийн тэтгэмжтэй холбоотой зохицуулалтыг өөрчлөх санал дэвшүүлсэн байна. Гэр бүл судлаач Б.Лхагвацэрэнгээс энэ талаарх байр суурийг нь сонирхоход “Хүүхдийн тэтгэмжийг тогтоохдоо маш ул суурьтай, тооцоололтой хандах учиртай. Тухайн цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдал, төгрөгийн худалдан авах чадвар, хөдөлмөрийн хөлс, тэтгэмж төлөгч иргэний ажил эрхлэлт зэргийг харгалздаг. Өнөөдрийн байдлаар сард олгох тэтгэмжийн хэмжээ 115 000 байгаа нь хангалтгүй дүн. Нийгэм, эдийн засгийн байдал, бараа, бүтээгдэхүүний үнэ 2010, 2015 оныхоос эрс өөрчлөгдсөн байхад хүүхдийн тэтгэмжийг тэр үеийн тооцооллоор олгох тохиромжгүй.
Гэхдээ орлогын 50 хувиас доошгүй байхаар тогтооно гэдэг хэтийджээ. Олон улсад бол тухайн эцэг, эхийн хөдөлмөрийн чадамж, орлогын түвшинтэй үүнийг уялдуулдаг. Цалингаас өөр орлогогүй этгээдээс гаргуулах тэтгэмжийн хэмжээ орлогынх нь 50 хувиас хэтэрч болохгүй гэдэг зарчимтай. Манайх ч үүнийг холбогдох хуульд тусгасан шүү дээ. Одоо үүнийгээ зөрчих болох нь” хэмээв. Харин олон нийт энэ шийдвэрийг янз бүрээр хүлээн авч байна. Дараагийн сонгуулийн пи-ар л гэнэ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан “шоу” ч гэж байна. Зөвхөн эрчүүд л тэтгэмж төлдөг мэт ойлголтыг нийгэмд түгээсэн, жендерийн мэдрэмжгүй шийдвэр гэж тайлбарлах хүмүүс ч таарав. Тэгж хардахаас ч аргагүй юм. Хуулийн төсөл өргөн барьсан цаг үеийг нь бодсон ч, шүүрч авсан асуудлыг нь харсан ч тэр. Хүүхдийн тэтгэмжийн асуудлыг эргэж харах шаардлагатай нь маргаангүй үнэн. Гэхдээ юуны түрүүнд мөнгөн дүнтэй зууралдахаас урьтаад үүний уг үндэс болсон гэр бүл салалтын асуудалд, хууль эрх зүйн орчныг бүхэлд нь шинэчлэх, сайжруулахад анхаарах нь илүү тохиромжтой юм. Угтаа бол яавал гэр бүл салалтыг бууруулж, олон хүүхэд хохироохгүй байх вэ гэдэгт л анхаарах ёстой.
Гэр бүл салалт гаарснаас улбаалаад хөрөнгийн маргаан, хүүхдийн тэтгэмжийн асуудал хурцаар хөндөгдөх болсон. Олон улсад бол гэрлэлтийн гэрээг үүнийг зохицуулах хөшүүрэг болгож ашигладаг, хуультайгаа уялдуулдаг юм байна. Энэ нь гэрлэгчдийн хувьд эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх гол хэрэгсэл болдог аж. Манай улсад ч ийм зохицуулалт бий. Тодруулбал, Иргэний хуульд “Гэрлэгчдийн хөрөнгийн эрхийн зарим харилцааг гэрээгээр зохицуулж болно”, “Гэрлэгчид гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан тохиолдолд ногдох хөрөнгийг тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг энэ хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулж болно” гэж тусгасан байдаг. Харамсалтай нь, Гэр бүлийн тухай хуульд энэ талаарх тодорхой заалт байдаггүйгээс, иргэд хангалттай мэдлэг, мэдээлэлгүйн улмаас тус гэрээг Монголд тэр бүр ашигладаггүй гэнэ. Үүнээс үүдээд гэр бүл салах үед хэн нэг нь илт хохирох, хожих явдал гардаг аж. Хэрэв ийм гэрээ байгуулбал хосууд салах үедээ шүүхийн танхимд уулзалгүйгээр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрэлгүйгээр дундын эд хөрөнгөө шударгаар хуваарилах боломжтой. Түүнчлэн гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагчдын хувьд энэ нь хууль ёсны баталгаа болох гэнэ.
Гэрлэгчид гэрээндээ хуваарьт болон дундын хөрөнгийг тусгах боломжтой. Хуваарьт хөрөнгө гэдэг бол гэрлэхээс өмнө олж авсан хөрөнгө. Тухайн иргэн гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд өөрийн хуваарьт хөрөнгөө 100 хувь эзэмших эрхтэй. Харин дундын буюу гэрлэснээс хойш бий болгосон хөрөнгийг хэрхэн хуваахаа гэр бүлийн хоёр харилцан тохиролцож, гэрээнд тусгадаг. Тэрчлэн салсан тохиолдолд хүүхдийг тэжээн тэтгэх үүргээ хэрхэн биелүүлэх, тэтгэмжийг ямар нөхцөлөөр, яаж төлөхийг хүртэл нарийвчлан “зааж” оруулах боломжтой. Энэ нь нэг талаар эрсдэлээс сэргийлэх, нөгөөтээгүүр, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж. Гэвч монголчууд үүний хэргийг гаргахдаа хойрго, хөшүүн загнасаар өнөөдрийг хүрчээ. Ийм гэрээ байгуулдаггүй учраас тэтгэмжийн хэмжээг харилцан тохиролцож, ойлголцож чадалгүй хэдэн мянгаараа шүүх байгууллагын хаалга татсаар.
Гэр бүл салалтыг бууруулъя, гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлье гэвэл тус гэрээг иргэдэд “ойртуулах” шаардлагатай. Гэр бүлийн тухай хуульд үүнийг тодорхой тусгаж, олон нийтэд, ялангуяа залууст энэ тухай мэдээлэл түгээх хэрэгтэй. ХНХЯ-ныхан 2019 онд Гэр бүлийн тухай хуулийн төсөл боловсруулахдаа “Гэрлэлтийн гэрээг эд хөрөнгийн болон хөрөнгийн бус харилцааг зохицуулах хэрэгсэл, гэрлэлт батлуулаагүй хосуудад хууль ёсны баталгаа болгох” гэсэн зохицуулалт тусгаж байжээ. Харамсалтай нь, энэ санаачилга хуулийн төсөлтэйгөө хамт замхран одоод гурван жил орчмын хугацаа өнгөрөв. Монголчууд гэрлэлтийн гэрээний талаар ойлголтгүй, хүүхдийн тэтгэмж, хө-рөнгийн маргаантай холбоотой асуудлаар тулга тойрон хэрэлдсэн хэвээр үлдлээ.