Чингис хааны зарлигаар бүтээсэн, эрх мэдэл, захирах хэм хэмжээг нийтэд тунхаглан баталгаажуулах түүхэн, анхдагч баримт болсон тамганы дардсыг байгууллагынхаа лого буюу бэлгэдэл болгосон талаар “Чингис хаан” музейнхэн мэдээллээ. Эл тамганд “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын далай хааны зарлиг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн бичиг байдаг аж. Ромын пап IV Иннокентийн элч Плано Карпини 1246 онд Их Монгол Улсын гурав дахь хаан Гүюгт бараалхахдаа пап ламын захидлыг дамжуулжээ. Хаан хариу захидлыг монгол, латин, саррацин (перс) хэлээр бичиж илгээхдээ эл тамгыг хоёр удаа дарсан байна. Хожим түүхч Кирилл Королевский Ватиканы нууц архивт судалгаа хийж байхдаа энэхүү захидлын перс хэлээрх эх хувийг илрүүлсэн бөгөөд Францын монголч эрдэмтэн Поль Пеллио 1923 онд тамганы дардсан дээрх бичгийг тайлж, олон нийтэд танилцуулсан түүхтэй.