“Үзэхийн хязгаар”, “Хотын үлгэрүүд” тэргүүтэй олон бүтээлээрээ уншигчдыг сонирхолтой ертөнцөөр аялуулдаг зохиолч Л.Өлзийтөгс “Alpha books”-ийн хамт олонтой нэгджээ. Тэрбээр энэ талаараа “Биднийг багад зохиолчид номоо бичээд л Зохиолчдын хороонд өгчихдөг, бичихээс бусад бүх ажлыг улс хариуцдаг байв. Харин 1990 оны эхнээс зохиолч, орчуулагчид номоо уншигчдад хүргэх ажлыг өөрсдөө хийдэг болсон. Ямар хэцүү байсныг ярих уу, яах уу. Жишээ нь, миний бие 30 орчим жил өөрийнхөө хэвлэн нийтлэгч байсан учир 10 гаруй мэргэжлийн ажлыг давхар хийж иржээ. Бичээч, хянагч, редактор, хэвлэлийн эх бэлтгэгч, график дизайнер, түгээгч, борлуулагч, нягтлан бодогч, номын тооцооны мөнгө цуглуулагч, тэр ч бүү хэл ачигч хийж үзсэн дээ.
Ном гэдэг зүйл уншигчдын гарт очтол маш урт зам туулдаг. Зөвхөн бичээд л суух сайхан боломж манай үеийн нэг ч зохиолчид байсангүй. Энэ гажуудлыг засахаар, дэлхий даяар хэдийн тогтсон жишгийг жинхэнэ утгаар нь манайд нутагшуулахаар, сонгодог паблишингийн зарчмаар Монгол зохиолчдоо дэмжихээр “Alpha books”-ийн залуус зоригложээ. Үүнээс хойш миний номуудыг хэвлэх, түгээх, уншигчдад хүргэх бүх ажлыг хариуцна. Хавтасны дизайн ямар байхыг хүртэл тэд л шийднэ. Өөрөөр хэлбэл, би “Alpha books”-ийн зохиолч болсон гэсэн үг” гэжээ.
А.ХАНГАЙ