Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Магваны Эрдэнэбатын богино өгүүллэгүүдээс хүргэж байна.
Цас малгайлан орсоор л байлаа. Энэ цаснаас болсон уу бүү мэд машин тэрэгний түгжрээ хэрээс хэтэрлээ. Хаа сайгүй дуу дохиогоо хангинуулсан машин тэрэг шаваастай. Хотын гудамжинд улаан гэрлээ улалзуулсан машины цуваа хаа сайгүй түгжирчээ. Яг ийм үед хорвоо дэлхий ямар давчуу санагддаг гээч. Хонгороо хог хийж түрдэг ногоон сав, шар хантаазтайгаа өдөржин гудманд түгдгэнэлээ. Цас цэвэрлээд ч шальсангүй. Угаас цэвэрлээд ч яах юм билээ. Нэмээд ороод, нэмээд ороод байгаа юм чинь. Энэ их урт гудмуудыг яая даа гэж бодох. Маргааш өглөө үүр шөнийн заагаас эхлээд энэ их цастай үзэж тарна даа гэж сэтгэл шулуудна. Дэмий л машин тэрэгнийхээ цонхоор хүмүүсийн хаях ганц нэг тамхины иш, чихрийн цаас, бохины хайрцаг зэргийг цасанд даруулахаас нь урьтаж хамсан болж өдрийг өнгөрүүлэв.
Үнэндээ Хонгороод ажил хийх боломж ч байсангүй, хүсэл ч төрсөнгүй. Амралтын өдөр тул гэртээ үлдээсэн хоёр хүүдээ санаа зовсоор байлаа. Цас ороод хүйтрээд байдаг. Хоёр хүү маань гутал, хувцас муутай яана даа. Өнөөдөр бас л идэх юмгүй үлдсэн. Жоохон гурил зуураад гамбир ч болов хайраад идэхээ мэдэх байгаа даа гэж бодов. Өөрийнх нь энэ муу ажлын гутал ч халаа сэлгээ нэхэж буй бололтой дороос чийг татаад нэг л биш. Одоо хэдхэн хоног гүрийвэл цалингийн бараа харна. Ямар ч гэсэн энэ сар хоёр хүүдээ өвлийн гутал авч өгнө. Тэгээд үлдсэн мөнгөөр нь хоол ундаа залгуулна даа гэж бодлоо. Ингэж бодож яваад нэг машинд шүүрээ бараг дайруулах дөхлөө.
-“Чи түгжирч ядаж байхад хөдөлгөөнд битгий саад болоод байгаач, ороод байгаа энэ их цасыг чи яаж цэвэрлэж барах юм. Худлаа ажил хийсэн дүр үзүүлээд” гэж хэн нэгэн омогдов. Жолоочийн хэлсэн энэ үг түүний нэг чихээр ороод нөгөө чихээр гарчээ. Ингэж тэгсээр байгаад өдөр өнгөрөх нь тэр. Хонгороо багадаа гэрийнхээ цасыг унагах их дуртай хүүхэд байж билээ. Гэтэл одоо их хотын гудамжны цас арилгаж, хог шүүрддэг хүн болжээ. Энийг одоо мэргэжил гэх нь хаашаа юм хувь тавилан л юм биз дээ. Түүний амьдрал бусдын л адил сайхан эхэлсэн. Ангийнхаа нэг хүүтэй сууж хурим найр хийж сумдаа сайхан л амьдарч байсан. Гэтэл талийгч нөхөр нь гэв гэнэт юу хатгасан юм хотод очиж ажиллаж амьдаръя, энэ хөдөө бөглүү газар олигтой ажил олдохгүй юм, айлд байгаа мал өсдөггүй гэж үнэн юм байна гэсээр цөөн хэдэн малаа зараад хот бараадсан түүхтэй. Гэтэл юу болов амьдарсан ч юмгүй эр нөхөр нь амьдралаас буцжээ. Ёстой юу ч гэхэв дээ. Хаа байгаа мянган бээрийн газраас нүүж ирээд улаан нялзрай хоёр хүүхэдтэйгээ түм түжигнэж бум бужигнасан хот хүрээ газар орхиод тэнгэрийн орноо одсон тэр залууд гомдох ч хаашаа, гомдохгүй гэх ч хаашаа. Гэхдээ хүний дайтай амьдрах хүсэл дүүрэн халуун сэтгэлийг нь мэддэг байсан ханийнх нь хувьд хайрлахгүй байхын аргагүй. Санан дурсаж, халуун нулимсаа урсган урсган багтравч хорвоогийн жамыг яалтайв дээ.
Харин хаа ч очиж Хонгороо энэ бүхнийг эргэцүүлэн бодож ийм ч байх ёстой, тийм ч байвал сайхан гэж оройгүй хүсэл, ёроолгүй шуналд автаж өөрийгөө зовоогоод байдаггүй. Зөвхөн энэ амьдрал ийм л байсан ийм л байна гэж хувь заяатайгаа эвлэрсэн хүлцэнгүй хүүхэн учраас өөрийгөө болоод өрөөлийг зовоох нь бага билээ. Түүнээс хүний хүсэл, шунал барагдах биш дээ. Тэр элдэв юм бодолгүй үхсэнээс үлдсэн юм гэж хоёр хүүхдийнхээ төлөө амьдарч явдаг нэгэн. Оройхон гэртээ ирвэл хоёр хүү нь бас ч гэж аяга хоол хийгчээ аядаж ээжийгээ гал хөстэй угтлаа. Хийгээд гавьсан ажилгүй хэрнээ тэр өдөр Хонгороо толгойгоо даахгүй болтлоо ядарчээ. Учир нь ирэх өдрүүдийн дуусаж дундаршгүй ажил хөдөлмөр энэ цастай хамт малгайлан орж байгаагаар төсөөлөгдөж маргааш дахиад л маргааш, дахиад л гэх шиг уйтгартай саарал өдрүүд үргэлжлэх учраас ийнхүү ядарсан ч байж мэднэ. Амт шимт тааруухан ч гэлээ хоёр хүүгийнхээ хийсэн хоолноос идэж өдрийн алжаалаа тайллаа. Миний хоёр хүү одоо удахгүй том эрс болцгооно зүтгэж л байя. Уул шиг том эрс болж ээжийнхээ гарыг амраах өдөр ойрхон ирсэн мэт санагдахад цээжинд нь нар мандах шиг хорвоо инээмсэглэх шиг тийм их баяр төрж аньсага нүдээ хааяа чийгтүүлдэг билээ. Өдөр цас ороод дааруулаад байсан гутал нь гэртээ ирээд үзвэл ханзарчээ. Хонгороод ажлаас нь гутал өгөх ёстой. Гэхдээ хугацаа нь арай болоогүй. Тэр болтол аргалъя гэж бодоод хуучин шар цавууны үлдэгдлээр гутлаа наахаар оролдож суулаа. Гурав, тавдугаар ангид сурдаг хоёр хүү нь ээжийнхээ гутлыг наалцахаар наана цаана нь бөртөлзөнө.
Том хүү нь:
-“Би ч гэсэн гутлаа наагаад авъя, миний гутал ч бас ханзарч байна лээ” гэлээ.
-“Ээж нь саяхан нааж өгөө биз дээ”.
-“Харин тийм ээ багадсан учраас цавуудаад ч нэмэргүй байна” гэж хэвлүүхэн өгүүлэв.
-“Хоёр, гурав хоноод ээжийнх нь цалин бууна тэгэхэд ээж нь хоёр хүүдээ дулаан гутал авч өгнө” гэв.
Бага хүү:
-“Таны гутал бас муудсан байна та ч бас гутал авах уу”.
-“Ээжийнх нь ажлаас гутал өгнө тэгэхээр миний хоёр хүү дулаан гуталтай болоход болно” гэж хариуллаа. Ийнхүү хоёр хүүтэйгээ гангар гунгар гэсээр эртхэн унтахаар хэвтлээ. Өглөө ээж нь тогтмол дөрвөн цагт босдог тул ийнхүү энэ гурав эрт унтаад сурчихжээ. Их хотын чимээ шуугианаас хол гэр хорооллын захад барьсан дөрвөн ханатай гэр нь дулаахан ээж хүү гурав гэрлээ унтрааж амрахаар хэвтлээ. Ноход хуцаж их хотод бус төрсөн сумдаа байгаа мэт сэтгэгдэл Хонгороод ирсэн цагаасаа хойш бодогддог билээ. Өнөө хэр тэр л янзаараа.
Хонгороо зүүдлэв. Арван жилд хамт сурч байсан охид нь улаан, шар, ногоон өнгөтэй өндөр өсгийтэй гуталнууд үзүүлж энэ нь дулаахан, энэ нь бөх, энэ нь чамд зохино гэхчлэн ам уралдан өмсөж үзэхийг шаардацгаах ажээ. Хонгороо ангийнхаа охидоос шар цавуугаар наасан гутлаа нуухыг оролдоод байх юм. Гэтэл шар Нараа гэх адтай охин нуусан гутлыг нь олж илрүүлэн охидод үзүүлж шоолон инээлдэж байх юм. Ашгүй нөхөр нь гарч ирэн энэ нь чамд тохирно гээд өндөр өсгийтэй шар гутал сонгож өгөв. Энийг чинь өмсөөд би яаж цас цэвэрлэх юм гэж нөхөртөө тунирхаж байгаа нь тов тодхон. Гутал нааж байгаад унтсан болохоор ийм хачин балай зүүд тодоос тод зүүдэлжээ.
Үүр цайх яагаа ч үгүй боловч түүний босох цаг болжээ. Тэрээр сэрсэн даруйдаа зүүдэлсэн зүүдээ бодож ганцаар баахан инээв. Би гуталтай болж байхаар хоёр хүүг маань гуталтай болгохгүй дээ гэж зүүдэндээ үнэмшив. Ийн бодсоор тэр үнэгэн харанхуй цагаар ажилдаа явж байлаа. Маргааш орой нь ажлаа тараад гэртээ ирвэл хоёр хүү нь бөөн баяр хөөр угтлаа. Тэдний сургууль дээр “Дэлхийн нар” хүмүүнлэгийн байгууллагынхан ирж амьдрал ахуй тааруухан хүүхдүүдэд гутал хувцас тараажээ. Энэ буяны хандивт хоёр хүү нь өртөж сайхан гуталтай болжээ. Ийм чанартай хоёр гутал авахад ээжийнх нь сарын цалин хүрэхгүй гэдгийг мэдээд тэр учиргүй их баярлав. Зүүд зөнтэй гэж үнэн ажээ. Ээжийн зүүд биелжээ. Биелэх биелэхдээ хоёр хүү нь гуталтай боллоо. Одоо Хонгороод гутал бодох шаардлага гарахгүй. Маргаашаас тэр санаа амар олны хөлөөр дагтаршсан цасыг ховхолж цэвэрлэнэ.
ДОГОЛОН НУЛИМС
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Магваны Эрдэнэбатын богино өгүүллэгүүдээс хүргэж байна.
Хүлэг морио хайрладаг хүн бүхэнд зориулав
Аянч холын шувууд жигүүр амраан буудаллах талын нуур. Үй олноор шаагилдах энэ олон шувуудын дууг намрын найрал хөгжим гэлтэй. Нуур усандаа хоргодон чуулах энэ шувууд шиг намрын тал намиатан талимаарч ирэх улиралд халаа сэлгээгээ өгөхгүй хүлээх мэт. Энэ л нуурын дэргэд олон жил намаржсан Баянхүүгийнх яг л буудагтаа буужээ. Эхнэр Дэжид нь энэ намар гэрт орж эм, гадаа гарч эр болсоор бүр туйлдаж гүйцлээ. Өвчтэй нөхрөө бөөцийлөх, гарч мал ахуйгаа адгуулах гээд түмэн ажилд түүртэнэ. За энэ ч яахав хийж үзээгүй ажил биш. Даваад л гарна. Хамгийн гол нь сэтгэл санааны тух алдах л нэн хэцүү. Уг нь Дэжид дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн гэхэд толиотой сайхан өтөлжээ. Баянхүү гэдэг энэ л мал буянтай, тохь тухтай сайхан айлын эзэгтэй. Гэтэл энэ намар энэ айлыг хэлж ирдэггүй өвчин зовлон дайрчээ. Тэрбээр тархиндаа цус харваад нүд нь голгоноод осолдохгүй л амьтай голтой төдий хүний гарт орсон нь энэ. Хот хүрээнд суух хэдэн хүүхэд нь ээлжлэн ирж ээждээ хань бараа болж аавыгаа өргөлцөх боловч Дэжид туйлын ганцаардсан хэвээрээ л байх нь нэн сонин. Юм болгон дээр л Баянхүүгийн гар үгүйлэгдэж асуух зөвлөх хүнгүй ганцаардана. Энэ үед өвчтэй нөхөр лүүгээ харж санаа алдаад доголон нулимсаа сэмхэн шударна. Хорь гаруй жил ханийн хайранд хэрхэн умбаж явснаа энэ намар л мэдрэх шиг. Тэнгэр газар шиг, нар сар шиг, өдөр шөнө шиг, хос багана шиг амьдрахын утга учрыг яс махандаа тултал ойлголоо. Байгаа юмыг үгүйлдэггүй хорвоо юмсанж.
Энэ жил хойд нуурын шувууд бүр олон болсон бололтой ганганалдах нь чихэнд чийртэй. Дэжид өвчтэй нөхөртөө аяга бантан халбагадаж өгөөд хэдэн малынхаа араас мордохоор зэхэж байлаа. Гэтэл гэрийнх нь гадаа суудлын хөнгөн тэрэг санаа алдах мэт сүгхийн ирж зогсоод, пөгхийн хаалгаа хаах нь сонсогдлоо.
-Өө, Миний хүү давхиад ирлээ, Сайн явж ирэв үү?
-Сайн явж ирлээ. Аавын бие яаж байна?
-Хэвэндээ байна аа. За хүү минь эндээс л хурдан нүүе. Энэ нуурын шувууд ганганалдаад сэтгэл сэмлээд хэцүү юм. Арай гэж өдөр хоногийг өнгөрөөж байна.
-Энэ нуур чинь энэ жил гойд их шувуутай байх шив.
-Тийм байна. Энэ хэдэн мал л дассан бэлчээр усандаа сайхан байх шиг байна. Түүнээс ээж нь энд нэг ч хором байх арга алга.
-Тэгнэ ээ тэгнэ, ойлгож байна ээж ээ. Нөгөөдөр сайн өдөр, хэдэн унагаа тамгалаад малаа ах дүүсдээ тараагаад та хоёрыг аваад хот явна. Өөр эмнэлэг “домнолго” хөөцөлдье.
-Ээ мэдэхгүй. Сар гаруй эмнэлгээр яваад дээрдээгүй мөртлөө гэртээ ирээд царай зүс нь гэрэлтээд санаа дагаад ч тэр үү сайхан болоод байгаа шүү дээ.
-Цус харвасан хүнийг эмчилж эдгэрүүлдэг янз бүрийн л арга байдаг гэсэн. Ээж минь болохоос нь болохгүйг нь хүртэл нь үзнэ дээ.
-Бурхан минь! Эдгэрч л үзээсэй. Юм хөгжөөд мөн ч сайхан болсон байх юм. Тэгсэн мөртлөө энэ өвчнийг л яаж ч чадахгүй юм. Тэгэхээр мөн ч гайтай эд ээ. Ээж нь хэдэн хониныхоо араас мордъё.
-Би мордъё. Та гэртээ байж бай.
-Миний хүү олохгүй. Ээж нь яваад нааш нь эргүүлээд ирье. Ийн ярьсаар Дэжид гэрээс гарлаа. Нохой хамартаа хүрэхээр усч гэж хүн цагаа тулахаар юуг ч хийж дасаж даддаг бололтой.
Дэжид хониныхоо араас шогшуулж явлаа. Тэртээ нуурын хойд захад Баянхүүгийн хэдэн азарга адуу ижил зүсээрээ, цөм бүрнээрээ багшран зогсжээ.
Үгүй нээрээ, муу хань минь юу дутлаа гэж тэр тууврын агтанд явсан юм бол доо?! Тэгээгүй бол ийм өвчин тусаа ч уу, үгүй ч үү?! Зун нуурын дэргэд Хятад руу гаргах адууг өндөр үнээр авч байгаа сургаар хэдэн адуу өгье гэсээр мордсон. Орой нь эргэж ирээд адуу худалдахаа ч больчлоо, хэдэн залуустай хил хүртэл адуу туухаар боллоо. Гайгүй үнэ хөлс өгье гэнэ, юухан байх вэ” гэсээр ирсэн сэн. Дэмий юм биш үү гэж Дэжидийг дургүйцэхэд,
-“Баахан учир мэдэхгүй залуучуудад найман мянган адуу хариуцуулах хэцүү байна. Та л эд нарыг нэг чиглүүлээд өг” гээд гуйгаад байна. Одоо ямар нэг их ажил байх биш мал зарж байхаар ажил хийгээд л мөнгө олчихъё гээд инээж байсан. Эр хүн олзонд, эрвээхэй зуланд гэж гайтай тэр өдөр тас зөрөөд болиулдаг байж дээ гэж Дэжид өнөө хэр амаа барьж яваа билээ.
Баянхүүгийн гадаа хүн, мал багширчээ. Зун бариагүй тавь гаруй догшин унага барьж тамгална гэдэг нүсэр ажил ажээ. Баянхүүгийн хүүхдүүд цөмөөрөө ирж ойр хавийнхан бүгд цуглаж хөлтэйхэн ажил боллоо. Баянхүүг дулаан хувцаслаж тэргэнцэртэй нь гадаа гаргасан боловч сэтгэл санаа нь тогтохгүй бие нь тавгүйрхээд байгааг Дэжид ажиглаад гэр лүүгээ оруулах үед Тавнан гэх нутгийн залуу ирж туслав. Багагүй халамцсан Тавнан:
-Дэжид эгч ээ, Баянхүү ах адуугаа харахаар сонин болоод байх шиг байна тийм ээ.
-Мэдэхгүй, бие нь тааруу байгаа бололтой.
-Аргагүй аргагүй, тийм юм харсан хүн тэгнэ. Надад одоо ч гэсэн зүүдэнд үзэгдээд эвгүй оргиод хэцүү байх юм.
-Юу тэр вэ?
-Баянхүү ах хэлээгүй юм уу?
-Чи солиороо юу? Энэ хүн чинь юм ярьж чадахгүй байгаа шүү дээ.
-Өө нээрэн тийм л дээ. Зун биднийг хил дээр адуу тууж очиход хятадууд адууг эргэж гүйлгэж алдахгүйн тулд нүдийг нь сох сох цохичихсон. Нулимс асгартал эргэж үүрсээд ёстой хэцүү...
-Тавнаан, Чи битгий худлаа ярь. Юу гэж тийм муухай юм байдаг юм.
-Нээрэн, гайтай юм шиг Баянхүү ах бид хоёр тэр бүгдийг нь шөнө унтаагүй байж байгаад харчихсан юм. Тэрнээс л болсон гээд Тавнан нулимсаа арчлаа.
Дэжид нөхөр лүүгээ эргэн харвал хүний сүг болсон хөөрхий нөхрийнх нь нүднээс бөн бөн нулимс дусалж байлаа. Тэрээр ханийнхаа нэвт норсон хүйтэн энгэрт нь хацраа наалаа.
“ЗҮҮДЭЛСЭНГҮЙ ЯВЛАА”
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Магваны Эрдэнэбатын богино өгүүллэгүүдээс хүргэж байна.
Улирал солигдож урин цаг цаашилж намар болоход Сэндмаа угаасаа дургүй. Өдөр өдрөөр салхины үзүүр сэрүүсэж, саяхан ногоон байсан газар дэлхийн өнгө нэг л өглөө ажих нь ээ хул шаргал болжээ. Оройноос сумын төвөөр хөл хөдөлгөөн, хүн зон ихтэй, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд шуугилдаад сумын төв амь орсон мэт. Гэвч Сэндмаа намар намарт гунигладгаараа гунигласаар явлаа.
Удахгүй төвөөс дэд сайдаар ахлуулсан баахан зочид төлөөлөгчид ирэх сураг Сэндмаагийн чихийг дэлслээ. Сумын Засаг дарга:
-“Сэндмаа эмч ээ! Энэ дэд сайд чинь танай ангид байсан гээ биз дээ. Ангижавыгаа сайхан хүлээж аваарай. Сум орны нэр төртэй холбоотой шүү” гэж албархах, аминчирхах хоёрын завсар хэллээ. Сэндмаа хариу хэлсэнгүй. Гэвч сэтгэл зүрх нь “Сэрээнэн минь дээ Сэрээнэн минь! Залуу халуун насны минь хайр сэтгэл, хамаг нандин бүхэн чи л байлаа шүү дээ” хэмээн хашхичин байлаа. Нээрэн одоо ямар болоо бол, зурагтаар хааяа гарахыг нь харвал надаас хамаагүй залуухан, их толиотой харагдах юм билээ. Хот газрын том дарга хүн арга ч үгүй биз дээ. Таних болов уу? Таних нь таних байх. Намайг хааяа ч гэсэн дурсдаг болов уу? Уулзаад юу ярина аа?! Хэрэв надтай яривал өнгөрсөн бүх явдлыг ярих юм сан. Өөрийгөө өмөөрсөн болох юм болов уу? За за байдлаасаа л болъё гэж элдэв янзын асуулт өөртөө тавьсаар хэд хонов. Байн байн толинд харна. Үснийх нь угнаас бууралтаж, насаараа хөдөө сумд ажилласан нөгөө л муу Сэндмаа. Гоёж гоодохыг мэдэхгүй өдрийн өнгө, өө сэв хайгаад байдаггүй гүндүүгүй эр хүний хань болоод 30-аад жилийн нүүр үзэж гурван сайхан хүүхдийн ээж болжээ. Толинд харах бүрийд нэг их гунигтай нас нь талийсан хөгшин авгай.
Сэндмаа бодлоо. Би ерөөсөө намрын намарт гуниглаж, хаврын хаварт сэргэдэг их хачин сэтгэлтэй хүн. Тийм учраас л их гунигтай харагдаж байгаа байх. Тэтгэвэрт арай ч гараагүй байна. Үеийн нөхдүүд сайд, дарга хийгээд гялалзаж явахад арай ч болоогүй шүү гэж өөрөө өөртөө хүч нэмэхийг оролдлоо.
Сэрээнэнд мөн ч хайртай байж билээ. Гэтэл сургууль төгсдөг тэр хавар Сэрээнэн сургуулиас хөөгдөхөөр болов. Сургуулийнх нь нэг багш Сэрээнэнтэй гудамжинд халамцуу тааралдаж элдэв ааш гаргаж дээрэлхээд байхаар нь хүчтэйхэн түлхсэн юмсанж. Гэтэл тэр багш нь хөдөлж чадахгүй болтлоо зодуулсан хэмээн гомдол гаргаж “Багшаа зодсон” хэргээр ямар ч маргаангүй сургуулиас хөөгдөхөд хүрэв. Сэрээнэн бөөн гуниг, Сэндмаа бөөн нулимс болсонсон. Энэ үед Сэндмаа бодож бодож Сэрээнэнд хэлэлгүй нөгөө багш дээр явж очив. Оройхон сургуулийн коридор нам гүм. Багш ширээнийхээ ард тонгойн ямар нэгэн зүйл хичээнгүйлэн бичиж суулаа.
-Орж болох уу? Багшаа
-За ор ор. Ийм орой ямар хэргээр яваа билээ?
-Би хүүхдийн эмчийн төгсөх курсийн оюутан Сэндмаа байна. Гол нь би тантай өөрийнхөө тухай биш. Найзынхаа тухай л ярих гэж ирлээ.
-Чиний найз чинь хэн юм?
-Сэрээнэн гэдэг бас төгсөх курсийн оюутан.
-Аа нөгөө хулигаан нөхөр үү? Тэр бид хоёрын хооронд яриа дууссан. Би одоо тэр нөхрөөс чинь болоод эрүүл мэндээрээ хохироод байна.
-Үгүй багш аа ойлго л доо.
-Ойлгоод байх юм байхгүй. За би чамайг ойлголоо гэж бодъё. Тэр нөхрийг яаж ойлгох вэ?
-Багш аа тэр хүүхэд бүтэн зургаан жил сурчихаад одоо сургууль ч үгүй, юу ч үгүй боллоо шүү дээ.
-Тэр яахав ээ. Бид нар ийм хүмүүжилгүй оюутан төгсгөөд байвал тэрнээс чинь илүү хор уршигтай.
-Харин чи сайн хүүхэд юм. Найз нөхдийнхөө төлөө ингээд явж байдаг. Хаалгаа хаачих наашаа суу! Ийм сайн, бас хөөрхөн охиныг ойлгож болно оо гэсээр дэргэд ирсэн. Яг тэр мөчид нар шингэх шиг болж билээ. Тэр тухай бодохыг ч хүсдэггүй боловч 30 жил хар дарсан зүүд шиг сэтгэл зүрхнээс салсангүй. Тэр багшийн энэ үйлдэл хэд хэд давтагдсан. Тэнэг зоригтой юм шиг хэрнээ, хачин аймхай намайг хорвоо ингэж шийтгэсэн дээ. Багшийн өрөөгөөр орж гарсан тухай ангийн охид жиг жуг гэлцэж, энэ тухай Сэрээнэн сонсож хэл үггүй хулжин одсон. Гэхдээ тэр Анагаахын дээд сургуулийг амжилттай төгссөн төдийгүй өнөөдөр бүр сурагтай эр хүн, суудалтай том сайд дарга болжээ.Сэндмаа энэ явдалд зөвхөн өөрийгөө буруутган зүхэж төрж өссөн буйдхан энэ нутагтаа ирж амар жимэр амьдарсан ч зүрхнийх нь шарх хөндүүр хэвээрээ явааг тэр сүүлийн өдрүүдэд олж мэджээ.
Дэд сайд иржээ. Тэр сургаар охин хонгор насаа өгсөн болоод ч тэр үү Сэндмаа нэг л догдлонгуй болжээ. Төдөлгүй сумын Засаг дарга Сэндмааг дуудуулжээ. Сумын Засаг даргын өрөөнд дэд сайд дагалдан яваа хүмүүсийнхээ хамтаар сууж байлаа. Сэндмаа дотроо их л догдлон сайдтай гар барин мэндлэв. Энэ гараар мөн ч их энхрийрүүлсэндээ гэж тэрхэн зуур бодож амжлаа. Зүрх нь хүчтэй цохилж сэтгэл нь ихэд хөдөлжээ. Харин сайдын сэтгэл санаанд юу ч байхгүй бололтой.
“Сэндмаа” гэдэг содон нэрийг чинь санаж байна. Дүр төрх чинь бол алга байна шүү! Их өөрчлөгдөж. Хотын гудманд бол ангижавыгаа танихгүй юм байна” гэсээр дэргэд байгаа сандалд суухыг урилаа.
Юу юу гэнэв? Олон хүний дунд ингэж байгаа байлгүй гээд дэд сайдын өөдөөс харлаа. Түүний хуурамч инээмсэглэл тодруулсан малигар царай, хүйтэн харцнаас тэр бүгдийг ойлголоо. Ийм хүнийг хүртэл ивээж л явдаг хорвоо юмсанжээ. Сэндмаа насаараа үзэн ядсан өвгөн багшид талархах өдөр ирнэ чинээ зүүдэлсэнгүй явлаа.