Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэтэй Гэр бүлийн тухай хуулийн хүрээнд ярилцлаа.
-Гэр бүлийн тухай хуулийг өөрчлөхийг олон нийт хүсэж байна. Зарим хүн өөрт тохиолдсон асуудлаа олон нийтэд дэлгэж эхэллээ. Та уг хуулийн яг юу нь гажуудсан учраас өөрчлөх ёстой хэмээн үзэж байна вэ?
-Монгол Улс 2003 онд Төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого боловсруулсан. Одоогийн Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталж, хэрэгжүүлж буй. Нийгмийн харилцааг зохицуулахын тулд хууль баталдаг. Гэтэл өдгөө монгол гэр бүлийн харилцаа, залуу хосын амьдралын хэв маяг, гэрлэж буй хэлбэр, тухайн өрхийн бүтэц, хэв шинж гээд маш олон зүйл өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, одоогийн Гэр бүлийн тухай хуулиар зохицуулах боломжгүй шинэ харилцаанууд бий болж байна. Тухайлбал, залуус яаран гэрлэлтээ батлуулахыг хүсэхгүй, тодорхой хугацаанд хамтран амьдрахыг эрмэлзэх болсон. Цаашдаа ер нь гэрлэлтээ батлуулахгүй, хамтран амьдрахыг илүүд үзэх залуучуудын тоо өсөж байна. Гэтэл гэрлэлтээ төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, баталгаа авахгүй байгаа ч гэсэн тэдний хооронд гэр бүлийн харилцаа хэдийн үүсчихдэг. Сэтгэл зүй, эдийн засгийн холбоо, хамаарал, хууль зүйн хүрээний эрх, үүрэг хариуцлагын асуудал гарч ирдэг. Мөн хүүхэдтэй болдог гээд олон үйл явдал өрнөнө. Ингээд тодорхой хугацаанд хамтран амьдарсны дараа гэрлэлтээ бүртгүүлж амжилгүй салах асуудал гардаг. Энэ үед нөгөө олон холбоо хамаарлаа шийдүүлэхээр хуулийн байгууллагад ханддаг. Гэтэл уг асуудлыг нь хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн үндэслэл дутмаг байдаг. Хэн нэг нь хохирох, нөгөөх нь давуу байдал эдлэх асуудал үүсдэг. Ялангуяа хүүхдийн асуудал их хүндэрдэг. Тиймээс энэ олон асуудлыг шийдэж чадахгүй байгаа Гэр бүлийн тухай хуулийг даруй өөрчлөх ёстой юм. Дээр нь хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн хариуцлагыг өндөржүүлэх зүй ёсны шаардлага тулгарсан. Өнөөгийн Гэр бүлийн тухай хуулиар эцэг, эх болсон хоёр нэгнийхээ болон хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ хариуцлагаа хүлээгээгүй бол яах вэ гэсэн заалт байхгүй. Үүнээс болоод асран хамгаалагчдад хариуцлага тооцох асуудал тодорхой бус. Хосууд салсан ч хүүхэд, эцэг, эхийнхээ хайр, халамж, анхаарлаас ангид байх ёсгүй юм. Эцэг, эхийн насан туршийн үүрэг, хариуцлагыг хуульчлах нь чухал.
-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг хэдэнтээ өөрчлөгдлөө. Та ч уг хуулийн төслийг боловсруулахад ажиллаж байсан. Энэ ажил яагаад ийм ярвигтай байгаа юм бол. Тухайлбал, таныг ажлын хэсэгт байх үед ямар ямар асуудал тусгахаар ярилцаж байв?
-Гэр бүлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт би 2011, 2012 онд ажилласан. Түүнээс хойш нэлээд хэдэн удаа өөрчлөгдлөө. 2019 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан голлож хариуцаад, хуулийн төсөл боловсруулсан. Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн ч Хууль зүй, дотоод хэргийн яам эл хуулийн төслийг татаж авсан юм билээ. Тиймээс ХЗДХЯ одоо эл хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Намайг ажлын хэсэгт байхад тухайн хуулийн төсөлд 4-5 онцлог заалт тусгахаар хэлэлцсэн. Нэгдүгээрт, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн тогтолцоог бэхжүүлэх, бодлогоо тодорхой болгох, хоёрдугаарт, гэр бүлийн шинэ бүтэц хэв маягийг зохицуулах, тодорхой заалтуудыг тусгахаар ярьж байлаа. Гуравдугаарт, хүүхэд үрчлүүлэх асуудлыг зохицуулах шинэ заалтуудыг тусгасан. Дөрөвдүгээрт, гэр бүлийн боловсрол олгох, хосын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх заалт оруулж байсан. Тавдугаарт, гэрлэлт цуцалсны дараа хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх тухай заалтыг төсөлд тусгасан. Ялангуяа хүүхдээ аваад үлдсэн талд хүндрэл бэрхшээл ихэсдэг. Хүүхдээ орхисон тал буюу эцгүүд тэтгэмж өгөөгүйгээс хүүхэд хохирдог. Тиймээс Тэтгэмжийн сан байгуулж, хүүхдийн тэтгэлгийг улс олгоод, эргүүлээд ааваас нь авах заалтууд оруулж байв. Хүүхдийг ямар нэг байдлаар хөгжүүлэх, сургах боломжийг олгоход төр хариуцлагыг өөртөө авъя гэж байлаа.
-Монгол гэр бүлүүдэд өдгөө хамгийн тулгамдсан, нэн даруй шийдэх ёстой асуудлыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, хэв маяг, түүнд гарч буй өөрчлөлтийн талаар сүүлийн үед хэд хэдэн суурь судалгаа хийсэн. Гурван онцлог зүйл ажиглагдсан. Эхнийх нь залуус, гэр бүлүүд Төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогоор ажилтай, орлоготой, орон байртай байх буюу эдийн засгийн хувьд бие даасан хараат бус байх нөхцөлийг бүрдүүлж өгөөч хэмээн хүсэж буйгаа илэрхийлсэн. Залуус халамж хүртээд зүгээр суухыг хүсэхгүй байна. Төрд бүх зүйлээ хариуцуулаад амьдрах бус, өөрсдөө хөдөлмөрлөе гэдэг. Удаах нь гэр бүлд мэргэжлийн зөвлөгөө өгдөг, асуудал гарахад түүнийг шийдэхэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлээч хэмээсэн. Гэтэл өдгөө гэр бүлд зөвлөгөө өгдөг хүртээмжтэй орчин алга. Эцэст нь нийт гэр бүлд тулгардаг нийтлэг зүйл нь эрүүл мэндийн асуудал. Залуу, дунд үе, настай хүмүүс ч эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байна. Мөн хүний эрх, эрх чөлөөний асуудал чухал гэдгийг хосууд маш их хөндлөө.
Өмнөх судалгаануудаар хосууд хувийн асуудлаа шийдүүлэх гэсэн өнгө аяс харагддаг байв. Одоо бол өөрсдөө ажилтай, амьдралд хүрэлцэхүйц орлоготой байхаас гадна нийгмийн үнэт зүйлээ хамгаалахыг хүсэж байна. Энэ бол эерэг хандлага.
Тиймээс Төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого, ялангуяа эрх зүйн орчны шинэчлэлд сүүлийн үеийн суурь судалгааны дүн, залуусын саналыг харгалзаж тусгана гэдэгт найдаж байгаа.
-Гэр бүл бат бөх бус, харилцаа хэврэг байгаагийн гол шалтгаан нь ямар асуудал вэ?
-Гэр бүл салалтын үндсэн шалтгаан нь архидалт, хүчирхийлэл. Дараа нь үзэл бодол, зан ааш нь таарсангүй гэдэг. Өөрөөр хэлбэл, хосууд харилцааны асуудлаа шийдэж чадахгүй байна. Гуравдугаарт, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа, дөрөвдүгээрт, удаан хугацаанд тусдаа ажиллаж амьдрах, тавдугаарт, хадмуудын оролцоо гэсэн шалтгаан судалгаагаар гарсан. Монголд гэр бүл цуцлуулах нь өндөр хувьтай байгаа. Дунджаар нэг хос 1-2 хүүхэдтэй байдаг. Тиймээс гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, асуудлыг хуулийн хүрээнд шийдэх заалтууд нь тодорхой байх учиртай. Мөн гэр бүлд зөвлөгөө өгдөг, боловсрол олгодог үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Төр зарим чиг үүргээ иргэний нийгмийн байгууллагад хариуцуулах шаардлагатай. Яагаад гэвэл төр энэ үйлчилгээг дангаараа үзүүлэх боломжгүй. Олон улсын жишгээс харахад ч тэр гэр бүлд зөвлөгөө өгөх, боловсрол олгох ажил, үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагад хариуцуулж хийлгэдэг. Төр бодлого гаргаж, эрх зүйн орчныг нь бүрдүүлдэг. Улмаар санхүүжилт өгч, эргээд хянадаг. Манайх энэ жишгийг нэвтрүүлэх хэрэгтэй. Жишээ нь, өнөөдөр хөдөөгийн сумд байгаа малчин эмэгтэй хүчирхийлэлд өртөхөд хэн туслах нь тодорхой бус. Тиймээс гэр бүлд хүрч үйлчлэх тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай. Дараагийн нэг чухал зүйл нь өдгөө Монголд гэр бүл цуцлахыг бууруулах гэхээсээ илүү тогтвортой гэр бүлийг дэмжих бодлого хэрэгтэй. Гэр бүл нь тогтвортой, үр хүүхдээ сайн хүмүүжүүлж буй хосыг дэмжих нь чухал.
-Улстөрчид Гэр бүлийн тухай хуулийн төслийг батлахгүй удааж, удаашруулж буйн цаад шалтгааныг та хэрхэн харж байгаа вэ?
-Гэр бүлийн тухай хуулийн төслийг 3-4 парламент дамжуулан хэлэлцсэн ч шинэчилж батлаагүй. Тиймээс Гэр бүлийн тухай хууль улстөрчдөд халтай юм уу гэж харж байгаа. Дээр нь УИХ-ын гишүүд энэ хуулийг батлах сонирхолгүй гэж бодож байна. Яагаад гэвэл өөрсдийнхөө хувьд ашигтай, эрх ашигт нь нийцсэн хуулийг гишүүд маш богино хугацаанд боловсруулж, дор нь баталчихдаг. Гэтэл Гэр бүлийн тухай хуулийн төсөл 3-4 парламент дамжиж байгаа. Энэ нь парламентын гишүүдэд уг хуулийг батлах сонирхол байхгүйг илтгэнэ. Нийгмийн шинэ харилцааг зохицуулах заалтууд оруулсан нь тэдэнд саад болж байж магад. Олон улсын Улаанбаатарын их сургууль дэргэдээ Гэр бүл, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвтэй. 2007 оноос хойш ажиллуулж буй. Сүүлийн үед гэр бүлийн дунд үүсэж буй асуудлууд маш хүндэрч, сэтгэл эмзэглүүлж байна. Маш олон хүн хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлэлгүйгээр өөр хоорондоо ярилцаад, асуудлыг нууж, эцэстээ хохирдог. Бүр аргагүйдэхээрээ сэтгэлзүйчид хандаж байна. Гэр бүлийн тухай хуулийг маш хурдан шинэчлэн батлах хэрэгцээ шаардлага бий. УИХ-ын гишүүд болон хуулийн төсөл боловсруулж буй хүмүүст хандаж гурван зүйл хэлмээр байна. Монгол Улс цөөн хүн амтай. 3.4 сая хүн 900 мянган гэр бүлд харьяалагддаг. Гэр бүл нь хүний хөгжлийн анхдагч орчин учраас эрүүл тогтвортой байж тэр гэрт өсөж төрж байгаа хүүхэд зөв иргэн болж төлөвших ёстой. Энэ нь нийгмийн асуудлыг багтаасан суурь хууль шүү. Гэр бүлийн хуулийг тулга тойрсон хэдхэн хүний хоорондын асуудлыг зохицуулдаг гэж харах нь эндүүрэл. Хоёрдугаарт, цаашид Монгол Улс гэр бүлд суурилсан нийгмийн хөгжлийн цогц бодлого барихгүй бол болохоо болилоо. Гэр бүлд үүсэж байгаа асуудлууд нийгмийн сөрөг бүхний суурь болоод байна. Ийм учраас гэр бүлийн хөгжлийг дэмжих, ялангуяа эдийн засгийн чадамжийг сайжруулж, өрх бүр орлоготой байх нөхцөл бүрдүүлэхгүй бол гэр бүлээс эхлэлтэй нийгмийн сөрөг асуудал буурахгүй. Гуравдугаарт, гэр бүлд чиглэсэн мэргэшсэн үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагууддаа төр дэмжиж, зарим чиг үүргээ шилжүүлэх нь чухал. Гэтэл Монголд гэр бүлд чиглэсэн үйлчилгээ алга. Тэгэхэд зарим улсад гэр бүлийн асуудал хариуцсан яам хүртэл байна шүү дээ.