Монгол яруу найргийн түүврүүд франц хэлээр хэвлэгдлээ. Д.Урианхайн шүлгийн түүвэр “Намар морио услахуй” нэрээр, Д.Нямсүрэн, Гүр.Нямдоржийн шүлгүүдийн хамтын түүвэр «Хоёр наран» нэрээр, XVIII зууны сүүлээс XX зууны сүүл үеийг хамарсан 15 шүлгийн түүвэр «Монгол найргийн бяцхан мандал» нэрээр Л.Өлзийтөгсийн богино шүлгүүд “Хумхийн тоосны нас” нэрээр хэвлэгдлээ.
Номуудыг Франц-Монголын Routes Nomades буюу Нүүдэлчин Зам холбооны зохицуулагч, Парисын ИНАЛКО их сургуулийн багш Шагдарсүрэнгийн Номиндарь орчуулжээ. Хамгийн сонирхолтой нь эдгээр ном үнэт, нандин цааснаа livre d’artiste буюу “УРЛАГИЙН НОМ” хэмээх төрөл хэлбэрээр, люкс хэвлэлтэй, хязгаарлагдмал тоогоор гарч байна.
Франц улсад амьдардаг зураач Д.Баттулгын шигшмэл бүтээлүүдээр уг түүврүүдийг чимэглэсэн гэнэ.Бүтээлүүдийг олон нийтэд таниулах үйл ажиллагаа тавдугаар сарын 12-нд эхэлж, Монгол яруу найргийн талаарх уулзалт ярилцлагуудыг орчуулагч маань хийж эхэлжээ. Эл цуврал арга хэмжээ 5-6 сард үргэлжлэх бөгөөд номуудыг энэ намраас албан ёсоор борлуулж эхлэх юм байна.