“Brosis pictures”-ийн уран бүтээлчид 2017 онд “Том толгойтын адал явдал” хүүхдийн цувралыг үзэгчдэд хүргэж эхэлсэн. Тухайлбал, “Том дөрвөн толгой”, “Том зургаан толгой”, “Том амжилт” бүрэн хэмжээний, хүүхдийн, уран сайхны киног олонд хүргээд байна. Тэд энэхүү цувралаа үргэлжлүүлэн “Том тоглоом: Гурван эрдэнийн эрэлд” киног “Мэгүүн медиа”-тай хамтран бүтээсэн юм. Тус киноны зургийг Улаанбаатар хот болон Хөвсгөл аймагт авсан бөгөөд гол дүрд өмнөх ангиудад тоглосон С.Бишрэл, О.Эгшиглэнт-Од нар дүр бүтээсэн. Найруулагч Э.Сүхжаргал “Хөгжилтэй найзуудад тохиолдох онц сонирхолтой адал явдал, үлгэрийн ертөнцөд учрах ид шидийн тайллууд нь үзэгч хүүхдүүдийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна” гэсэн. Тэгвэл тус киноны уран бүтээлчид Каннын кино наадамд оролцох болжээ. Тус наадамд оролцох бяцхан жүжигчин С.Бишрэл “Монголд хүүхдийн уран бүтээл ховор. Харин бид киногоороо үргэлж зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хичээдэг. Ээж, аав, гэр бүл, найз нөхдийнхөө хамт кинонд ажилладагтаа баяртай байдаг” гэсэн бол О.Эгшиглэнт-Од “Том тоглоом” киноны зургийг Монголын урд, хойд хязгаар буюу Өмнөговь, Хөвсгөлд авсан. Би ирээдүйд найруулагч болохыг мөрөөддөг. Одооноос туршлага хуримтлуулж байгаа. Кинонд хүүхдүүдийн нөхөрлөл, нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан” гэв. “Brosis pic¬tures”-ийн найруулагч Д.Болорцэцэг “Каннын кино наадмын “Marche du film” киноны захад “Том тоглоом: Гурван эрдэнийн эрэлд” үлгэрийн киногоороо оролцох боллоо. Эл киноны 30 гаруй хувьд компьютер график ашигласан. Түүнээс гадна үлгэрийн сэдэвтэй, хүүхдийн кино учраас үзэгчдийн сонирхлыг татах болов уу” гэв. Ташрамд дурдахад, “Том тоглоом: Гурван эрдэнийн эрэлд” хүүхдийн кино нь оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” наадмаас өнөө жил дэлгэцийн шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн юм. Түүнчлэн “Brosis pictures”-ийнхэн “Том толгойтын адал явдал” цувралыг 2024 оныг дуустал үргэлжлүүлэх бөгөөд нийт бүрэн хэмжээний найман уран сайхны киног үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй гэнэ.