“Степпе арена” өргөөнийхөн мөсөн циркийн тоглолт зохион байгуулахаар болжээ. Консерваторын харьяанд үйл ажиллагаа явуулдаг Циркийн сургуультай тэд хамтарч буй бөгөөд багш, найруулагч Ю.Гэрэлбаатар оюутан, сурагчидтайгаа үүнд бэлтгэж эхэлсэн байна. Тоглолтыг ирэх сарын 1-нд болох Эх, үрсийн баярыг угтуулан олон нийтэд хүргэх аж. Ийм санаа хэзээ төрсөн, туршлага бий, эсэхийг “Степпе арена” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Булганбаяраас тодруулсан юм.
Тэрбээр “Мөсөн өргөөний нээлт хийхээс өмнө ярилцаж эхэлсэн санаа. Нэгэнт олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн байгууламжтай болсон тул мөсөнд суурилсан урлагийг хөгжүүлэх ёстой юм байна гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн. Циркийн сургуулийнхантай ярилцахад эхлүүлэх ёстой, тууштай бэлтгэхэд болно гэсэн юм. Одоо циркчид өдөр бүр бэлтгэл хийж байна. Баруунд “Дисней он айс” гэж бий. Хойд хөршид гэхэд уран гулгагч А.Загитовагийн үүсгэн байгуулсан, уран гулгалтыг театрчилсан тоглолттой хослуулсан, маш гоё хөтөлбөртэй “Алина үлгэрийн оронд” гэдэг мөсний циркийн шоу байдаг. Циркийн урлагийг хөгжүүлж чадсан манай улсын хувьд ч ийм тоглолт хийх боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.