ДБЭТ Италийн нэрт хөгжмийн зохиолч Р.Леонковаллогийн “Паяцы” дуурийг тайзнаа тавилаа. Найруулагч нь ОХУ-ын Москва хот дахь Театр, урлагийн дээд сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан С.Баттулга. Энэ бүтээл түүний дипломын ажил юм байна. Тоглолт хоёр үдэш дараалан болсон. Аль алиныг үзэгчид халуун алга ташилт, “Браво” хэмээн хашхирах сэтгэл хөдлөлөөр хүлээн авч, уран бүтээлчдэд урам хайрлалаа. Зөвхөн урам хайрласан төдий биш, сайн бүтээл болсныг үнэлж, цэгнэв. Уг дуурийг манай улсад тайзнаа тавьж байсан туршлага бий аж. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган одоогоос 10 гаруй жилийн өмнө “Цүки хаус”-д холимог уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй тоглуулсан удаатай. Харин өдгөө дуурийн театр үзэгчдэдээ хүргэв. Энэхүү бүтээл төрснөөр монгол үзэгчид алдарт, тун нандин хөгжим туурвидгаараа алдаршсан Р.Леонковаллогийн сор болсон дуурийг бүрэн эхээр нь сонсож, дуучид тайзнаа хэрхэн жүжиглэхийг шимтэн харлаа. “Паяцы” дуурийн цомнолыг хөгжмийн зохиолч өөрөө бичсэнээрээ онцлог. Жүжгийн дүрүүдээр юу хийлгэх, хэрхэн авирлуулах, яаж дуулуулахаа маш нарийн тооцож, зохиолын үйл явдал, дүрүүдийн хөдөлгөөн бүрийг хөгжмөөр хэрхэн сүлэн, нийлүүлж тансаг гээчийн бүтээл болгосон байдгийг сонссон юм.
Шүүгч эцэг, зураач, барималч ээжийн хүү Леонковалло 1857 онд төржээ. Неаполийн Хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн зохиомж болон төгөлдөр хуурчаар төгсмөгцөө Болонийн их сургуулийн утга зохиолын ангид суралцан дүүргэсэн. Улмаар энэ чиглэлд докторын зэрэг хамгаалсан, товчхондоо, төгс гэмээр боловсорсон нэгэн аж. Бага залуудаа гарамгай төгөлдөр хуурч байсныг нь алдарт дуучин Энрико Карузотой хамтарч тоглосон бичлэгээс харж болох аж. Хөгжим туурвих явцдаа дуулаачийн багшаар ч ажиллаж байжээ. Ийм нэгэн суутны уран бүтээлийн дээжийг ДБЭТ үзэгчдэдээ хүргэв. Р.Леонковалло утга зохиолд ч, хөгжимд ч амьдралын үнэний талаар бичдэг. Өөрөөр хэлбэл, XIX зууны сүүлч, XX зууны эхэн үед Италийн утга зохиол, хөгжим, дүрслэх урлагт дэлгэрсэн веризм хэмээх хэв маягийн төлөөлөгч. Хөнддөг сэдэв нь нийгэм, сэтгэл зүйн зөрчил.
Манай улсын театр уг дуурийг “Паяцы” хэмээх гадаад нэрээр нь “нутагшуулах нь”. Утга нь алиалагч, салбадай юм. Жүжигт салбадайн дүр бүтээх гэж байхдаа эхнэртээ хууртагдсанаа мэдэж, гунихран, хардан, бачуурсаар, эцэст нь хайртай гэргийгээ хөнөөдөг эрийн тухай өгүүлдэг. Санаа, үйл явдал нь энэ. Харин хөгжим нь эдгээрийг эгээ л үзэгч өөрөө жүжиг дунд гүйж яваа мэт болтол нь эзэмддэг, хүчирхэг, уянгалаг агаад чимхлүүр, чимчигнүүр ажээ. Ийм нэгэн, дэлхийд тэргүүн эгнээнд бичигддэг дуурийг монголчууд эх орондоо үзэх боломжтой болов. Дуурийн гол дүрийг салбадай Канио гэхээр авч, үнэн хэрэгтээ түүний гэргий гоо үзэсгэлэнт, гавшгай, эрэмгий, бидний сайн мэдэх Карментай зүйрлүүлмээр сайхан бүсгүй Недда юм. Уг дүрийг энэ удаа ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа нар бүтээв. Тэд тус бүртээ өөр, өөрсдийн ур чадвараар өөрийн гэсэн Неддаг бүтээж үзэгчидтэй уулзлаа. Хэдийгээр сонгодог бүтээлүүдийг нэгийг нөгөөтэй нь хольж, хутгах, харьцуулан жиших нь бүдүүлэг байж болох ч сэтгэл хөдлөлийн үүднээс Монголын сонгодог урлагийн театрт хоёр дахь Кармен төрлөө гээд хэлчихэд буруудахгүй санагдана. Учир нь Недда бол энхрий ялдам, зоримог, дуулах ур чадварын дээдийг шаардсан дүр ажгуу.