Гэрэл зурагчин Б.Сугаржав, С.Энхжаргал нарын хамтарсан үзэсгэлэнг “Norphei” арт галерейд өчигдөр нээлээ. “Олимпын тэнгэр дэх фото бамбар” нэртэй эл үзэсгэлэндээ тэд олимпын торгон агшнуудыг гэрэл зургийн хавьснаа буулгаснаасаа сорчлон толилуулж байна. Б.Сугаржав 1966 оноос Монголын биеийн тамир, спортын эвлэлийн Төв зөвлөлд спортын сургалтын кино оператороор ажиллахын зэрэгцээ 1968 оноос “Спортын мэдээ”, “Монголын спорт”, “Таван цагариг” сонинд гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлчээр 25 жил хавсран ажиллажээ. Тэрбээр 1971, 1975, 1979, 1985, 1986 онд Софи, Минск, Парис, Будапештэд болсон чөлөөт бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мөн 1972 онд Саппорогийн өвлийн болон Мюнхений зуны олимп, 1980 оны Москвагийн олимп, 1986 онд Москвад болсон сайн санааны тоглолтод сурвалжлагч, оператороор ажиллажээ. Бас 1995 онд Японы “Сасакава” спортын сангаас зарласан Олон улсын спортын гэрэл зургийн уралдаанд оролцож 55 орны 7000 гаруй бүтээлээс “Монгол бөхийн даацтай мэх” цуврал зураг нь шилдэг 200 бүтээлийн нэгээр шалгарч байв.
Түүний хүү С.Энхжаргалын хувьд “Ардын эрх”, “Таван цагариг”, “Өнөөдөр” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласны зэрэгцээ гэрэл зургийн “Photomon” агентлагийг үүсгэн байгуулалцсан юм. Аав, хүү хоёр хамтран өмнө нь 1996 онд Улаанбаатар хот, Орхон аймагт “Дэвжээ дурандсан аав, хүү хоёр буюу 30+10” уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байв.
Спортын торгон агшнуудыг харуулсан 50 шилдэг гэрэл зургийг толилуулах “Олимпын тэнгэр дэх фото бамбар” үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.