Олон нийтэд урлагийн боловсрол олгох чиглэлээр сургалт, үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолт бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулах, нийгэмд үйлчлэх зорилгоор уран бүтээлчид хамтран “Урлагийн хөгжил ирээдүй” ТББ байгуулсан. Тус байгууллага утга зохиол, дүрслэх урлаг, хөгжим, тайз, дэлгэцийн урлагийн төрлүүдээр цуврал лекц, сургалтыг долоо хоног бүр зохион байгуулахын зэрэгцээ “Bee studio” урландаа уран зургийн сургалт, жүжгийн зохиолчийн сургалт хичээллүүлж буй. Түүнчлэн “Bee theatre” байгуулж, бэсрэг жүжгүүд, тоглолт зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард театрынхаа анхны уран бүтээл болгон зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулснаар үзэгчдэд хүргэсэн юм. Түүнчлэн урлагийн боловсрол олгох зорилго бүхий “Урлагийн ертөнц” цуврал лекцийг зохион байгуулж байна. Энэ бямба гарагт “Оросын урлаг бүрэлдэн тогтсон нь”, “Урлагт шүүмж урьдын адил хэрэгтэй юү”, ням гарагт “Харьцуулсан уран зохиол шинжлэл” сэдвээр лекц орж, С.Эрдэнийн “Амьдралын тойрог”, М.Прустын “Алдуул цагийн эрэлд” зохиолыг задлан шинжилж, ярилцах аж.