Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Б.Оролзод агсны нэрэмжит “Тогоруут нуурын айзам” анхны номын уралдаан боллоо. Б.Оролзод агсан “Шүлэгтэй навчис”, “Ширээтийн суурин” яруу найргийн ном хэвлүүлж, олон түмэнд хүрсэн “Тогоруутай нуур”, “Чинийхээ дэргэдээс” зэрэг дууны шүлгийг зохиосон нэгэн юм. Өнөө жилийн “Тогоруут нуурын айзам” уралдаанд 20 орчим бүтээл ирүүлснээс МҮОНРТ-ийн сэтгүүлч, яруу найрагч Б.Батхолбоогийн “Хавар би чамаас хагацаж үл чадна” яруу найргийн ном шилдгээр шалгарсан байна. Ташрамд дурдахад, “Тогоруут нуурын айзам” анхны номын уралдаан нь 18-30 насны, анхны номоо гаргаж амжаагүй уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах зорилготой юм.