Улс нийтээрээ төгрөгийн ханшийн уналт, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, ахуйн амьжиргаа, амьдралын чанарын асуудал ярьсан, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид нь төрийн дэмжлэг, дарамтгүй, эрүүл орчин хүссэн, бодлого тодорхойлж, шийдвэр гаргах түвшний хүмүүс нь “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэх нэрийдлээр дээр, дооргүй хурал хуй зохион байгуулж буй энэ цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд анхаарал татахуйц нэгэн хуулийн төсөл өргөн бариад байна. Тэр нь Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай юм.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Чинзориг нар үүнийг өргөн барьсан бөгөөд өдгөө олон нийтээс санал авах ажиллагаа үргэлжилж байна.
Ийм хуулийн төсөл боловсруулах болсон шалтгааныг санаачлагчид нь шүүх байгууллагын ачааллаас үүдэлтэйгээр иргэдэд учирдаг төвөг чирэгдлийг багасгах, чанаргүй активыг бууруулах, өр төлбөртэй этгээд болон зээлдүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах гэж тодотгож байгаа. Үзэл баримтлалд нь “2020 онд анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх жилийнхээс 23.7 хувиар өсөж, 10 281 болсон бөгөөд арилжааны банкнаас олгосон зээлтэй холбоотой маргаан 69.5, хадгаламж зээлийн хоршооных 61.4, банк бус санхүүгийн бай гууллагынх 2.3 хувиар нэмэгджээ. 2021 оны эхний хагас жилд иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн 50 гаруй хувийг зээлийн гэрээнээс үүдэлтэй маргаан эзэлсэн. 1.1 сая төгрөгийн нэхэмжлэлтэй хэрэг гурван шатны шүүхээр хянагдсан тохиолдол ч бий. Эдгээр тоон мэдээлэл нь зээлийн гэрээтэй холбоотой маргаан шүүх байгууллагын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болсныг харууллаа. Шүүх байгууллагын ачаалал нэмэгдсэнээр иргэдэд олон төрлийн хүндрэл бэрхшээл учруулдаг. Чанаргүй зээлийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхэд дунджаар 6.2, хамгийн ихдээ 16.6 жил, багадаа дөрвөн сарын хугацаа зарцуулж байна. Түүнчлэн зээлдүүлэгч мөнгөө буцаан шаардахдаа хэн нэгнийг дарамтлах, нэр хүндийг нь гутаах, орон байрт нь халдах, цахим орчинд мэдээлэл түгээх зэрэг хууль бус аргууд ашигладаг бөгөөд үүнд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо байхгүйн улмаас зээлдэгчдийн эрх зөрчигддөг. Иймд шүүхийн ачааллыг бууруулах, үүргийн гүйцэтгэлийг үр дүнтэй хангах, маргааныг шийдвэрлэх цаг хугацаа, зардал хэмнэх боломжит хувилбарыг дэвшүүлж, хуульчилж, эрх зүйн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн” гэж тайлбарлажээ.
Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023”, “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагаас чанаргүй зээлийг бууруулах, гэрээний маргааныг шийдвэрлэхтэй холбоотойгоор гаргасан санал, зөвлөмж, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай 12 дугаар тогтоол дахь “Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ” гэх заалт зэрэг нь үүнийг хэрэгжүүлэх хөшүүрэг болсон гэдгийг давхар онцлов. Үндсэндээ ийм хууль батлах цаг нь хэдийн болсон, нөхцөл шалтгаан хангалттай бүрдсэн гэдгийг эдгээрээр тодотгохыг “оролджээ”.
Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг иргэд хэрхэн ойлгож, хүлээж авч байгааг тандах зорилгоор ойр тойрныхоо хүмүүсээс энэ талаар асуув. Олонх нь ийм хуулийн төсөл “төрсөн” тухай мэдээлэлгүй байлаа. Санаачилсан, боловсруулсан хүмүүсийнх нь ярьж, дурдсанчлан агуулга, хууль зүйн үндэслэлийг нь тэдэнд танилцуулсны дараа байр суурийг нь сонирхоход олонх нь “нааштай” зүйл хэлсэн юм. “Шүүхээр хэрэг шийдүүлэхэд цаг хугацаа алддаг учраас ингэж зохицуулах нь зүйтэй”, “Юу юуны тухад хүрэлгүй шүүх, цагдаад ханддаг байдлыг халах цаг нь болсон”, “Зээлээ хугацаандаа төлж чадахгүй үе өчнөөн тохиолддог шүү дээ. Ийм тохиолдолд хоёр тал шүүхийн танхимд очилгүйгээр ойлголцож, асуудлаа шийдэж чадвал хэн хэндээ хэрэгтэй” гэсэн нийтлэг зүйл ярилаа. Зарим нь “Шүүхээр явахад цаг хугацаа алддаг, эдийн засгаараа ч хохирдог. Улсын тэмдэгтийн хураамж, өмгөөллийн хөлс, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал төлөх шаардлагатай болдог юм билээ. Ийм сонголт бий болгох нь зүйн хэрэг” гэв. “Хүүхдийн тэтгэмжээс үүдэлтэй гомдол, маргааныг шийдвэрлэх гэж шүүх, цагдаадаа тулан бөөн “юм” болдог манай оронд ийм зохицуулалт хэрэгжих үү. Шүүхийн журмаар шийдэж хүчрэхгүй байгаа асуудлыг шүүхийн бус аргаар зохицуулах боломжтой гэж үү. Харин ч нөхцөл байдал улам даамжрах бус уу” хэмээн эргэлзэж, хаширлах хүн ч таарав.
Таван бүлэг 19 зүйлтэй, хүчин төгөлдөр болбол 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс нийтээр дагаж мөрдөх шинэ хуулийн төслийг иргэд өнгөн талаас нь ийнхүү дүгнэв. Харин мэргэжлийн хүмүүс тус хуулийн цаад аюул, жинхэнэ зорилгыг арай “дээрээс” харж, асуудал дэвшүүлэх боллоо. Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах хууль батлахыг эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцэд хандахаа албан ёсоор мэдэгдээд буй хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдулам байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Энэ бол хүний хувийн халдашгүй байдалтай холбоотой маш ноцтой асуудал. Хуулийн төслийн талаарх УИХ-ын даргын мэдэгдлийг хараад ихэд гайхсан. Учир юу гэвээс Монгол Улсын Үндсэн хууль, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон олон улсын бусад гэрээ, конвенцод тодорхой заасанчлан хүний хувийн өмчид хэн ч, ямар ч тохиолдолд шүүхийн шийдвэргүйгээр халдах эрхгүй. Хуулийн үндэслэл байхгүй. Үндсэн хуулийн 5.2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, тэрчлэн 5.3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн байдаг. Үндсэн хуулийг сахин биелүүлэх ёстой хамгийн том субъект нь хууль зөрчсөн хууль батлах гэж байгаа нь харамсалтай. Үүнийг би төр дээрэм хийх замаа тэгшилж, өнгөрсөн хугацаанд хийсэн хууль бус зүйлээ хаацайлан, хариуцлагаас бултах гэсэн үйлдэл гэж хардаж байна. Ингэж үзэх хангалттай үндэслэл бий. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь, Хөтөлийн “Цемент шохой” ХК, Салхитын мөнгөний ордыг төр яг ийм арга замаар, шүүхийн шийдвэргүйгээр булаагаад авчихсан шүү дээ. Энэ бол дээрмийн нэг хэлбэр. Хуулийн төслийг баталбал ийм дээрэм гаарна.
Ихэнх банк бус санхүүгийн байгууллагын ард улс төрд нөлөө бүхий хүмүүс, томоохон албан тушаалтнууд байдаг, тэд үүгээрээ дамжуулан мөнгө угаадаг гэлцдэг. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэд өрөө барагдуулж чадахгүй тохиолдолд эд хөрөнгийг нь хураах тал дээр ихээхэн асуудал үүсдэг. Магадгүй үүнийг “шулуутгах” зорилгоор ийм хууль санаачилсан байж ч болзошгүй.
Өнөөдөр хүн болгон ямар нэг хэлбэрийн зээлтэй байгаа. Цар тахлын улмаас ихэнх бизнес доголдож, аж ахуйн нэгж, байгууллагууд өр зээлийн дарамтад орсон. Тэгэхээр энэ хууль хүн бүхэнд хамаатай. Тэд шүүхийн ачаалал ихэссэн, хэрэг шийдвэрлэх хугацаа удааширсан гэдгээр урьтал болгоод та, бидний хувийн өмчид халдах нөхцөл бүрдүүлэх гэж байна. Импортоос хараат, жижиг зах зээлтэй манайх шиг оронд ийм бурангуй тогтолцоо хэрхэвч тохирохгүй. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн халдашгүй байдал гэдэг бол угтаа ардчиллын амин сүнс, улс орны дархлаа юм” хэмээн ярив.
Тэгвэл ийм хууль батлахгүйгээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар түүнээс тодруулахад “Тогтолцоогоор нь өөрчлөх ёстой. Шүүхийн шинэчлэл яриад, цагдаа, прокурор зэрэг хууль хэрэгжүүлэх бусад шатныхныг орхигдуулдаг тал бий. Бүх шатанд дорвитой шинэчлэл хийх хэрэгтэй. Шүүхийн бус журмаар өр барагдуулдаг жишиг олон улсад ховор. Ганц, хоёрхон жишээ бий. БНСУ үүнийг хэрэгжүүлснээр гэмт бүлэглэлийг давраасан. Одоо үүндээ маш их харамсдаг бөгөөд алдаагаа залруулахыг хичээж байгаа” гэсэн юм.
Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэхээр хуулийн төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, тус хороонд албан ёсны бүртгэлтэй компани л энэ чиглэлээр ажиллах эрхтэй гэсэн үг. Талууд хоорондоо хэрхэн тохиролцох, ямар эрх, үүрэг хүлээх, өр барагдуулах ажиллагааны явцад баримтлах журам зэргийг төсөлд тусгасан. Өр барагдуулагч зээлдэгчтэй ямар байдлаар харилцах (утсаар, биечлэн, цахимаар, албан мэдэгдлээр гэх мэт), ажлын өдөр хэдээс хэдэн цагийн хооронд хэчнээн удаа холбоо барих, уулзах, мэдээллийн аюулгүй байдлыг нь хэрхэн хангах зэрэг нарийн ширийн зүйлсийг хүртэл тодорхой “оруулжээ”. Өр барагдуулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч компанийнхан хууль ёсны дагуу ажиллаж байна уу, дүрэм, журмаа баримталдаг уу гэдэгт мөн л дээрх хороо хяналт тавих гэнэ. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороо тэр бүхэнд хүрч ажиллаж, бүрэн хяналт тавьж чадах уу, тийм нөөц, чадамж бий юү, мэргэжлийн хяналтын байгууллага шиг сүржин тодотголтой даржин газар болчих вий, үүнээс үүдээд хууль бус ажиллагаа хаа сайгүй гаарах вий гэж зарим судлаач асуудал дэвшүүлж байгаа аж.
Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх, Банкны зэрэг зургаан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил дагуулж буй Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн цаана ийм эрсдэлүүд бий гэнэ. Үүнийг зөвхөн өр төлбөртэй этгээд болон зээлдүүлэгч хоёр шүүхийн танхимд уулзах, эс уулзах сонголт бүрдүүлсэн хүнлэг, ээлтэй зохицуулалт мэтээр харах нь дэндүү өрөөсгөл, мөсөн уулын орой төдий ойлголт гэдгийг ч судлаач хэллээ.