"Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэшсэн захиргааны ажилтан бэлтгэх зорилгоор 2016 оноос хойш энэхүү сургалтыг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-тэй хамтран 2022 оны гуравдугаар сарын 14-нөөс тавдугаар сарын 13 хүртэл нийт 42 хоногийн хугацаанд танхимын болон дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулах аж. Сургалтад 55 эрх зүйчийг хамруулж буй.
Тус сургалтад шүүн таслах ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, эрдэмтэн, судлаачид, шүүх дэх дадлага сургалтыг тухайн шүүхийн шүүгч, тамгын газрын ажилтнууд удирдан явуулж, шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, ёс зүй, хэргийн хөдөлгөөний удирдлага, стандарт, эрүү, иргэн, захиргааны бүртгэл, хяналтын нэгдсэн систем зэрэг нийт 16 сэдвийн хүрээнд 80 цагийн танхимын сургалт хийнэ.
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад өмнөх жилүүдэд нийт 303 эрх зүйч хамрагдсанаас 200 суралцагч төгсөж, 37 төгсөгч өнөөдрийн байдлаар шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байна.