Үндэсний аудитын газраас төрийн 6995 байгууллагын санхүүгийн байдалд аудит хийж, төсвийн 65 захирагчид хариуцлага тооцох саналтай байгаа аж. Учир нь тэд Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй гэнэ. Уг нь энэ хуулиар татварт төлсөн мөнгийг минь хэн, хэрхэн зарцуулж буйг мэдэх, хянах хөшүүрэг ажиллаж эхэлсэн нь сайн хэрэг. Наад зах нь иргэд тухайн төрийн байгууллагын цалингаас бусад, таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээг харж, “хэрэгт дурлах” боломж бүрдсэн. Гэхдээ энэ бүхэн цаасан дээрээс хэтрэхгүй бололтой. Ер нь төрийн байгууллагуудын шилэн дансны хөтлөлт хангалтгүй, зөрчил их байгаа нь шинэ мэдээ биш л дээ. Энэ хуулийг 2015 оноос мөрдсөнөөс хойш ийм шүүмжлэл дагалдаж буй. Уг хуулийн үйлчлэлд хамаарах байгууллага, албан тушаалтнууд шилэн дансны мэдээллээ хуулийн хугацаанд нь оруулахгүй байх, дутуу, эсвэл санаатай худал мэдээлэх, засварлах зэрэг хууль бус үйлдэл гарсаар ирсэн.
Байгууллагуудын өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой аливаа шийдвэр, үйл ажиллагаа, тендерийн төлөвлөгөө, мөнгөн гүйлгээтэй холбоотой мэдээллүүд олон нийтэд бүрэн нээлттэй, ил тод болоогүй л байна. Үндэсний аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн 2019 оны хэрэгжилтэд хийсэн аудитын тайланд “Хуулийн үйлчлэлд хамаарах байгууллага, албан тушаалтнууд ил тод байршуулах нийт мэдээллийн 14.3 хувь нь хуульд заасан хугацаа хоцроосон зөрчилтэй байгаагаас үзэхэд тухайн зөрчил гаргахгүй байх хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байна” гэж дурдсан байх жишээтэй. Тэгээд ч Шилэн дансны тухай хуулиар шилэн дансны мэдээлэлд оруулж байх мөнгөн дүн таван сая төгрөгөөс дээш байгаа ч хариуцсан албан тушаалтнууд хуулиар тогтоосон босгыг давуулахгүйгээр зардлаа хувааж, зарцуулалт хийх байдлаар буруу арга хэрэглээд гаршчихсан. Ингэснээр төсвийн зарцуулалт ил тод, шударга байж чадахгүйд хүрч буй нь нэгэнт нууц биш болсон. Үүнээс гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр улс, орон нутаг, төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд бүрэн хамрагдаагүй, хуульд заасан мэдээллийг оруулдаггүй. Хачирхалтай нь, хамгийн их мөнгө эргэлддэг гэгддэг улс төрийн намын хөрөнгө, санхүүгийн мэдээ, тайлан Шилэн дансны тухай хуульд огт хамааралгүй.
Дээр дурдсан тайлан бол одоогоор уг хуулийн хэрэгжилтэд хамгийн сүүлд хийсэн аудитын дүн. Үндэсний аудитын газраас 2015, 2016 онд тус бүр хоёр, 2017, 2018, 2019 онд нэг нэг удаа нэгдсэн удирдамжаар уг хуулийн хэрэгжилтэд аудит хийж, тайланг нь УИХ болон Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Сүүлийн хоёр жилд ийм аудит хийгээгүй гэсэн үг. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос баталсан Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай тогтоолд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийнэ гэж тусгаагүй тул энэ жил ч тусгайлсан тайлан хүлээгээд хэрэггүй.
Уг нь Үндэсний аудитын газар өнгөрсөн оноос Шилэн дансны хяналтын хэлтэс байгуулан ажиллуулж буй. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулан, олон нийтээс санал аваад эхэлчихсэн. Хамгийн гол нь тэд хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой гэж үзэж байгаа. Үндсэндээ хариуцлага алдсан албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хэн хяналт тавих, хууль зөрчсөн албан тушаалтанд ямар журмаар, хэн, ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхой биш гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа нь үнэний хувьтай. Тухайлбал, уг хуулийн 10 дугаар зүйлд хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар тусгасан агаад “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн ганцхан заалттай. Өнгөрсөн хугацаанд Үндэсний аудитын газраас гаргасан удаа дараагийн тайланд дурдсан зөрчлүүдийн дагуу хариуцсан албан тушаалтнуудад нь ямар арга хэмжээ авсан, эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, эхэнд дурдсан төсвийн 65 захирагчид хариуцлага тооцох уу гэдэг нь эргэлзээтэй. Бараг үгүй л болов уу.
Мөн байгууллагуудын шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг бүх шатны ИТХ, ИНХ хэрэгжүүлэхээр хуульд заасан ч орон нутгийн хэмжээнд ИТХ-ууд үүргээ хангалттай биелүүлээгүйг Үндэсний аудитын газрын тайланд удаа дараа дурдсан байдаг. Цаашлаад баг, хорооны түвшинд ИНХ-ууд хөндлөнгийн хяналт огт хийдэггүйг ч тогтоосон. Харин уг хуульд тавих иргэний хяналтыг зарим хүн “сүрхий” хэрэгжүүлж буйг олон нийт андахгүй. Иргэн Б.Цогтгэрэл буюу “шилэн” Цогоо өчигдөр Монголбанкны ерөнхийлөгчид “үүрэг” өгч, Төвбанк шилэн дансаа хөтлөхгүй, хууль зөрчиж байгааг нь фэйсбүүк хуудсаараа дамжуулан шүүмжилсэн. Тэрбээр “Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд shilendans.gov.mn цахим хуудсанд Монголбанкны шилэн дансыг байршуулж хөтлөх долоо хоногийн хугацаатай үүрэг өгч байна. Уг цахим хуудсанд байх “Монголбанк” гэх лого бүхий цэсэн дээр дарахад Шилэн дансны тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын дагуу нийт 12 үзүүлэлтээр хөтлөх ёстой шилэн дансны ерөнхий цэс рүү ордоггүй. Хэрэв үүнийгээ засахгүй бол Ерөнхийлөгчийн 88 дугаар зарлигийн дагуу АТГ болон ерөнхий прокурорт хандахыг анхааруулж байна” хэмээсэн юм. Энэ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд буюу Шилэн дансны тухай хуулийг УИХ батлахаас өмнө гаргасан, улсын хэмжээнд шилэн дансны тогтолцоонд шилжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон зарлиг билээ. Уг нь тус хуульд зааснаар хэрэгжилтийн явц, шилэн дансны мэдээллийн зөрчил, дутагдал болон шаардлагыг байгууллага, албан тушаалтан хүлээн аваагүй бол энэ талаарх гомдлыг иргэн гаргаж, улмаар тухайн байгууллагын үйл ажиллагаанд аудитын дүгнэлт гаргуулах хүсэлт тавих эрхтэй. Үүний дагуу Үндэсний аудитын газар тодорхой арга хэмжээ авч, үр дүнг тухайн иргэнд бичгээр болон олон нийтэд мэдээлэх ёстой. Харамсалтай нь, энэ хуулийн хэрэгжилтийн явц, шилэн дансны мэдээллийн зөрчил, дутагдлын талаар байгууллага, албан тушаалтанд иргэдээс шаардлага хүргүүлсэн тухай нэг ч баримт алга. Шилэн Цогоогийн хувьд төсвийн, түмний мөнгийг эрх мэдэлтнүүд хэрхэн үр ашиггүй зарцуулж байгаа мэдээллийг ил болгож, иргэний хяналтыг хэрэгжүүлдэг. Уг нь энэ хууль төрийн мөнгө, түүний зарцуулалтыг шилний цаанаас харж буй адил ил тод байдлыг хангах хөшүүрэх байх ёстой. Хэн нэгний, зарим улстөрчийн өрсөлдөгчөө намнах, эсвэл өндөрт хөөргөх хэрэгсэл, “шоу” үзүүлбэрийн талбар байх учиргүй.
Үндэсний аудитын газар тайлангууддаа үндэслэн Шилэн дансны тухай хуулийг боловсронгуй болгох зөвлөмжийг Ерөнхий сайд нарт хүргүүлж ирсэн нь ч биеллээ олоогүй. 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар Шилэн дансны тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан ч таг чиг болсон. Өөрөөр хэлбэл, үнэмлэхүй олонх бүхий парламент дахь сулбагар сөрөг хүчнээс боловсруулсан төсөл УИХ-ын босго давж, хэлэлцүүлэг нь эхлэх үү гэдэг эргэлзээтэй. Хэдийгээр Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан ч найдаж болохгүй. Дараалалд ордог ч дарагдаж өнгөрдөг олон төслийн нэг нь биш гэх баталгаа үгүй. Юутай ч тэд таван сая төгрөгийн босгыг багасгаж нэг сая болгохоор төсөлдөө тусгасан байна. Гэхдээ хэдийн үүнийг эсэргүүцэх, дэмжихгүй байх үндэслэлүүдийг яриад эхэлчихсэн. Жишээ нь, таван сая байхад нь шилэн дансаа хөтөлдөггүй байсан хүмүүс босгыг нь багасгахаар бүр ч мэдээллээ оруулахгүй гэх хүмүүс байна. Тэдний хэлснээр шилэн данс хөтлөх нь төвөгтэй, цаг барсан ажил байдаг агаад илүү олон мэдээлэл хөтлөх болж, ачаалал нь нэмэгдвэл бүр ч хэрэгжүүлэхгүй юм байх. Аль нь байлаа ч хариуцлага тооцох, үгүй нь тодорхойгүй бол Шилэн дансны тухай хуулийг биелүүлэхгүй, татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалт далд, нууц болох нь зүйн хэрэг. Төрийн зарим албан хаагч, эрх бүхий тушаалтан татвар төлөгчдийн мөнгөнөөс шууд болон шууд бусаар хулгайлж буй үйлдлээ нуухын тулд төсвийн талаарх мэдээллийг аль болох хаалттай, дутуу, ойлгомжгүй байлгах нь гарцаагүй. Энэ нь Монголын төрийн данс шил мэт тунгалаг буй, эсэхийг ажиглах хараа, хяналт болсон хууль нь амьгүй байна гэсэн үг. Төрийн аудитын байгууллага жил бүр муу дүнтэй тайлан гаргаж, Засгийн газарт зөвлөмж, шаардлага хүргүүлсээр дахин хэдэн оныг үдэх бол.